”Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх байх”

Хуучирсан мэдээ: 2012.01.05-нд нийтлэгдсэн

”Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх байх”

МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх асуудлаар иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Энэ тухайд түүнээс тодруулав.

-Та Сонгуулийн хуулийг Үндсэн хуулийн Цэцэд өгчээ. Яагаад?

-Шинэчлэн баталсан Сонгуулийн хуулинд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхээр нэлээд заалтууд байна.

-Жишээ нь ямар заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж та үзэж байгаа юм?

-Тухайлбал, энэ хуулийн 4.9-д “… 28-аас илүүгүй нэр дэвшигчийг нам, эвслийн жагсаалтаас сонгох”-оор заасан нь УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгох зарчмыг зөрчиж байгаа юм. Мөн гадаадад байгаа иргэд зөвхөн нам, эвслийн төлөө санал өгөхөөр заасан нь ч дээрхитэй ижил зөрчил. Энэ мэт хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шашин шүтэх, эс шүтэх, сонгох сонгогдох эрхийг зөрчсөн хэд хэдэн заалтын талаар Цэцэд хандсан. Яаралтай эцэслэн цэг тавихгүй бол сонгогчид, сонгуульд орох субъектүүд бүгд л эргэлзэж тээнгэлзээд маш ойлгомжгүй байдал үүсээд байна. Би биш ч хэн нэгэн сонирхогч эрт орой хэзээ нэгэн цагт Цэцэд хандана, хандуулах ч байх.

-“Шууд сонгоно” гэдгийг “махчилан” ойлгож болохгүй гэж хууль тогтоогчид хэлэхийг сонсч байсан. Бас тэд 48-ийг нь шууд сонгож байгаа гэж хэлэх байх. Харин та?

-Сонгогчдоос шууд сонгогдох хэмжээний хангалттай бөгөөд хүрэлцээтэй санал шууд авч чадаагүй хүмүүс намын жагсаалт нэрээрУИХ-д орж ирэхээр байгааг л хэлээд байгаа юм. Манай УИХ-ын гишүүд цагийн аясаар байнга өөр, өөрөөр тайлбарлаж ирсэн байдаг. Та нар дөрөв, таван жилийн өмнөх ярилцлагуудыг нь үзээрэй. Тэр үед юу ярьж байсан нөхөр өнөөдөр юу ярьж байна гэдгийг нэг харчихад гэмгүй.

-Сонгуулийн хуулийг хэлэлцэх үеийн маргаан, гол тээг нь тогтолцооны асуудал байсан. Нэр дэвшигчийг шууд сонгох уу, эсхүл намыг сонгох уу гэж. Намыг сонгох хувилбар нь Үндсэн хуулиа зөрчинө гэдгийг мэргэжилтнүүд сануулж байсан ч УИХ-ын гишүүд хуулийг баталсан. Хэлэлцүүлгийн үед Парламентын гаднах намуудад санал хэлэх боломж гарч байсан уу?

-Парламентийн гадуурхи намууд тодорхой саналуудаа ажлын хэсэгт хүргүүлсэн. Харамсалтай нь зарчмын зургаан саналаас нэгийг нь ч тусгасангүй. Уг нь сонгуулийн хууль бол бүх ард түмний төрөө байгуулах зөвшилцлийн баримт бичиг байх ёстой юм л даа.

-УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч нь ажлын тайлангаа иргэдэд сонин, сэтгүүлээр хүргэх нь “… хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх” Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн гэж та үзжээ. Хийсэн ажлаа тайлагнах ёстой гэж тэд тайлбарлаж байгаа шүү дээ?

-Тайлангаа тавьж болно оо. Гэхдээ нэр дэвшигчдийн сурталчилгаа хийх боломжийг зүйл бүрээр хязгаарласан атлаа УИХ-ын гишүүд сонгогчдод тайлангаа хүргүүлэх байдлаар хүссэн хэмжээгээрээ материал тараахаар байгаа. Энэ нь тэгш байдлыг алдагдуулж байна. Зүй нь бас л хязгаарлалт хийх хэрэгтэй. Одоо бол нөхдүүд бүтэн жил гал ноцоож барахааргүй л цаас тараах байх. Бусад нэр дэвшигчдийг тэр дотроос нь яаж олж харах юм бол гэж …Бас бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд энэ давуу байдлаа олгосон байгааг юу гэж ойлгох вэ, хэлэх ч үг алга. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг УИХ-ын Сонгуулийн хуульд дотор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн асуудлыг оруулсан байгаа шүү дээ.

-Цэц таны мэдээллийг хэлэлцээд үндэслэлтэй гэж үзвэл эцсийн үр дагавар нь юу байх вэ?

-Зарим зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх байх. Хэрвээ тогтолцоотой холбоотой асуудлаар ийм дүгнэлт гарвал энэ хууль ажиллаж чадахгүй болно. Харж л байя.

– Цэц Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзлээ гээд бодъё. Мэдээж УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй байх. Ингээд  бага, дунд, их суудлынхаа хуралдаанаар дахин хэлэлцсээр байтал сонгууль болчих юм биш үү?

-Үгүй л болов уу. Цаг хугацааны энэхүү шалгалт нь Цэц болон УИХ энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхэд хүргэнэ гэж найдаж байна.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж