С.Батболд: АН, МАН улс төрийн төлөө хамтраагүй

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

С.Батболд: АН, МАН улс төрийн төлөө хамтраагүй

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр болсон шинэ оны анхны хуралдаанаараа 2012 оныг “Өрхийг дэмжих жил” болгох шийдвэр гаргажээ. Энэ асуудлын хүрээнд Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Гүйцэтгэх засаглалын тэргүүний тодотгосноор Монгол Улсын Засгийн газрын бодлого хоёр зорилт дээр төвлөрөх аж. Нэн тэргүүнд ажил хөдөлмөр эрхлэхийн төлөө чармайж буй иргэнээ дэмжинэ. Хоёрдугаарт, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн амьжиргаагаа дундаж орлоготой болгож чадсан иргэнээ дэмжиж ажиллахад “Өрхийг дэмжих жил”-ийн ажлын зорилт оршино гэж тэмдэглэж байна. Нөгөөтэйгүүр, 2011 оныг Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласны үр дүнд 72 мянган иргэн байнгын ажилтай болсон. Үр дүнг нь улам баталгаатай болгоход “Өрхийг дэмжих жил”-ийн зорилт зорилго ч оршжээ.

Монгол Улсад өнөөдөр 724.3 мянган өрх байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 130 мянган өрх нь ядуу хийгээд нэн ядуу амьдардаг гэсэн статистик мэдээллийг гаргаад буй аж. Цаашид энэ судалгааг нарийвчлахын тулд хэд нь дундаж амьдралтай өрх гэрээ авч явж байна, хэд нь боломжийн амьдарч байна вэ гэдэг тооцоог гаргана. Өөрөөр хэлбэл, энэ нь нэг талдаа нийгмийн халамж зайлшгүй хүртэх ёстой зорилтот бүлгээ тодорхойлоход чиглэхийн зэрэгцээ өөрсдөө хөдөлмөрлөн өрх гэрийнхээ орлогыг нэмэгдүүлэхээр чармайж буй хэсгийнхээ судалгааг нарийвчлахад чиглэх юм байна.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэхдээ “Монгол төрийн бодлогын гол цөмд монгол хүн, монгол айл өрх оршдог. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаас “2012 оныг өрхийн амьдралыг дэмжих, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлах нь зүйтэй гэж шийдлээ. Мөн хөтөлбөрийг хамтад нь зарчмынх нь хувьд дэмжиж гаргалаа. Өрхийн амьжиргааг бид бүх шатанд дэмжих ёстой. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын өөрийнх нь үндсэн үүрэг. Тэр дотроо түлхүү анхаарал тавих ёстой хэсэг бол бага, дунд орлогтой иргэд. Аль болохоор бага орлоготой иргэдийнхээ амьжиргааг яаж дундаж төвшинд хүргэх ёстой юм бэ.  Бага орлогтой иргэдийнхээ амьжиргааг өрхийн хөгжлийн хувьд нь цогцоор нь яаж дэмжих ёстой юм. Мөн өөрсдийнхөө хүчээр өрх гэрийнхээ амьжиргааг сайн авч явж байгаа иргэдийнхээ амьдралыг баталгаажуулахад цааш нь яаж дэмжих ёстой вэ гэдгийг тодотгосон цогц хөтөлбөрийг бид гаргаж байна. Бидний бодлогын хөтөлбөрийн мөн чанар бол зөвхөн дэмжлэг тэтгэлэг үзүүлэх асуудал биш, өрхийн амьжиргааг цогц хэлбэрээр нь дэмжихэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээнд цогцоор нь хамруулж байгаа эсэх. Хамрагдаж чадаагүй хэсгээ хэрхэн хамруулах вэ гээд олон асуудлыг бүхэлд нь тавьж байна. Гол нь Засгийн газраас гаргасан санаачлагыг ард иргэд,  өрх гэр бүлүүд маань хамтдаа хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Засгийн газраас хөтөлбөр гаргаж, ард иргэдээ дэмжих нь өөрийнх нь үүрэг боловч, үүнийг бодит ажил болгож үр дүнд хүргэх бас нэг чухал үүрэг нь иргэдээс өөрөөс нь асар их шалтгаалах болж байгаа. Хамгийн том хариуцлага үүнд байна. Тиймээс бидний хамтын хариуцлагатай үйл ажиллагаа Монгол Улсын маань хөгжил дэвшил, тэр дундаа монголчуудын маань ажил амьдрал монгол өрх гэрийн амьжиргааг дээшлүүлэхэд хамгийн үр дүнтэй болно гэж үзэж байна” гэлээ.


Энэхүү мэдээллийн дараа Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгсөн юм.

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах асуудлаа энэ сард болох Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэх нь тодорхой боллоо. Засгийн газрын тэргүүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнгээр МАН олонхийн суудал авсан. Энэ агуулгаар улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулъя. Ард түмнийхээ амьжиргааг сайжруулъя. Бид улс төрийн төлөө улстөр хийх нь эрхэм зорилго биш юм, харин хамтарч байгаад томоохон асуудлаа шийдвэрлье. Ингэж хамтарсан цагт үр дүн нь илүү туснэа гэж үзэж, шийдвэрээ гаргасан. Үр дүн ч гарсан, дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг давсан. Өвлийн хахир зудыг хамт давсан. Эдийн засгийн өсөлтийг сүүлийн хоёр жилд бий болгосон. Эдийн засгийн хамгийн их өсөлтийн суурийг 2011 онд бий болгож чадсан гээд яривал  бидний хамтын ажиллагаанд амжилт бий. Тийм учраас хамтарсан Засгийн газрыг байгуулсан зарчим маань улс орны хөгжлийн төлөө байснаас биш улс төрийн төлөө зөвхөн хамтарсан зүйл биш. Хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа энэ зарчмыг барьж байсан, цаашид ч барьж ажиллах болно. Өнөөдөр энэ байр суурь дээр хэвээр байна, цаашид ч байх болно. Бидний хамтын ажиллагаа улс орны хөгжлийн эрх ашгийн төлөө, өрх гэр бүлийн аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Цөмийн энергийн газрын дэд дарга болоод зарим нэг албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн. Энэ нь цөмийн хог хаягдлын дуулиантай холбоотой байсан уу?

-Засгийн газрын байгууллагууд холбогдох үйл ажиллагааныхаа дагуу ажлаа дүгнээд ажилд нь хариуцлага ярих, дүгнэлт өгөх нь Засгийн газрын хийх ёстой ажил. Энэ дагуу хийгдээд явж байгаа. Тийм учраас энэ асуудлыг мэргэжлийн байгууллагуудаас нь тодруулах нь зүйтэй байх.

-2012 оныг өрхийг дэмжих жил болгон зарлалаа. Гэхдээ шаардлагатай хөрөнгө нь 2012 оны төсөвт тавигдаж чадсан уу?

-Эх үүсвэрийг төсөвт хангалттай тавьсан. Зөвхөн 47 тэрбум төгрөгийг халамжийн болоод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн чиглэлээр тавьсан. Мөн гадны нэлээд хэмжээний эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр тавьсан байх жишээтэй. Ганцхан үр өгөөж нь ямар байна вэ, хүртээмж нь ямар байна вэ, эзэндээ очиж байна уу гэдэгт төр хяналт тавих ёстой. Өөрөөр хэлбэл, төрөөс гаргаж байгаа хөрөнгө чамгүй байна, үр өгөөж, хэрэгжилт тал дээр онцгой анхаарах ёстой болж байгаа. Бас энэ нь зөвхөн төрийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээ биш, төр нийгмийн,  төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон асуудал шийдэх боломжтой. Бодлогын хувьд эрх зүйн хувьд нь арга барилын хувьд шинэчилсэн ажил хийх ёстой гэж үзэж байгаа. Өнгөрсөн онд бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд дээрх зарчмаар ажилласны дүнд 72 мянган ажлын байрыг хамтдаа бий болгосон. Энэ бол бидний хувьд том амжилт гэж хэлнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж