Аймгийн хэмжээнд 1135 аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 1012 нь, 20299 өрхөөс 7060 нь буюу нийт өрхийн 47% тооллогод хамрагдсан. Агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллогын үр дүнг ажлын хэсгийн ахлагч, БОАЖГ-ын дарга Ч.Түмэндэмбэрэл 2012.1.4-ний өдөр аймгийн Засаг даргад танилцуулав. Танилцуулах уулзалтад Хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, Ус цаг уур, орчны шинжилгээний алба, Тээврийн хэрэгслийн оношилгоо зохицуулалтын алба, хэвлэл мэдээллийхэн оролцлоо. Тооллогын үр дүнд үндэслэн дараах асуудлуудыг БОАЖГ-аас уг хуралд оруулж хэлэлцүүлэн, гүйцэтгэх, хэрэгжүүлэхээр шийдвэрлүүллээ.
- Ховд аймгийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулах
- Шинээр барьж байгаа барилгуудад цахилгаанаар халдаг технологи нэвтрүүлэх
- Дулааны хоёр дахь эх үүсвэр бий болгох
- 2012 онд ус, хөрс, агаарын бохирдлыг /үүсгэврийн бохирдлыг/ тодорхойлох багажаар хангах
- Ус цаг уур, орчны шинжилгээний лабораторийг өргөтгөж, тоног төхөөрөмжөөр хангах
- Алслагдсан бүс нутгийн хувьд ард иргэдэд бүсийн тэтгэлэг олгох
- 2012 онд Агаарын чанарын албанаас мэргэжлийн баг Ховд аймгийн ус, хөрс, агаарын бохирдол ямар түвшинд байгааг тодорхойлох
Мөн “Агаар бохирдуулах эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах журам”-ын дагуу агаар бохирдуулах бодисын хаягдал, физик химийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн байршил, эзлэх талбай, төрөл, тоо хэмжээг бүртгэж, тоо бүртгэлийг Агаарын чанарын мэргэжлийн албанд хүргүүллээ.
БОАЖЯ-наас 2012 оныг “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга, БОАЖГ, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны шинэ оны эхний ажлаа ийнхүү агаарын бохирдолтой холбоотой асуудлаар эхэллээ гэж Ховд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн А.Нансалмаа мэдээллээ.