Түүнчлэн барилдааныг зохион байгуулагчдын зүгээс санхүүжилтийг бүрдүүлэхтэй холбогдсон үндсэн хоёр санаа дэвшүүлж, ажилласны нэг нь “Монгол бөх Гиннест” арга хэмжээг сайн дураараа дэмжих дэмжигчдийг бүртгэх, нөгөө нь нэр бүхий хүмүүст хандан тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсч, улмаар тэдний ажил үйлсийг сурталчлах зорилт бүхий реалити нэвтрүүлэг бэлтгэх явдал байсан юм.
Үүний дагуу 820 хүн өөрсдийн сайн дураар тус бүр 50 мянган төгрөгийн хандив өргөсөн бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Кёкүшюзан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, аймгийн арслан Н.Гантулга, “Макс” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатар, тус группийн захирал, Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, “Монгол 999” нэгдлийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд, “Ажнай” группийн гүйцэтгэх захирал Х.Амарсайхан, “Тод ном гэрэл” төвийн захирал Б.Бат-Амгалан, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга, аймгийн заан Ц.Даваацэрэн, “Монгол зодог” компанийн захирал Д.Эрдэнэцэцэг, Монгол бөхийн өргөөний анхны хандивлагч, алтан хараацай Д.Батбаяр нарын эрхмүүд ТВ-9 телевизтэй хамтран бэлтгэсэн реалити нэвтрүүлэгт оролцож, 1-1,5 сая төгрөг хандивласан ажээ.
Тэгвэл “Монгол бөх Гиннест” үйл ажиллагааг дэмжиж, хандив өргөсөн хүмүүсийн нэрсийг багтаасан “Монгол бөх Гиннест-Сайн үйлсийг дэмжигчид” ном шинэ оны өмнөхөн хэвлэлтээс гарчээ. Энэхүү үйлст оролцсон дэмжигчид 99043264, 99060027 утсаар холбогдож, Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн очиж, номоо авч болох юм байна.