Хамтарсан засаг яах бол?

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Хамтарсан засаг яах бол?

Удахгүй Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарч сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ гэсэн яриа өчигдрөөс хүч аван дуулдаж эхэллээ. “Цагаан сар гэхэд хамтарсан Засгийн газар тарах гэнэ” гэсэн “бор шувуу”  намуудын байр хавиар эргэлддэг гишүүдийн амнаас гарч байна. Энэ яриа хэр үнэний хувьтайг Өрхийн амьжиргааг дэмжих жил зарласан талаараа мэдээлэл хийхээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийсэн Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдоос тодруулахад “Манай нам анхны зорилгодоо үнэнч байгаа. Шаардлагатай олон асуудлыг шийдвэрлэхээр бид хамтарсан. Манай талаас хамтарсан Засгийн газрыг тараах алхам хийхгүй” гэсэн хариу өгчээ. Ингэхээр хэргийн эзэн нь АН болж таарч байгаа юм.

АН-ын хувьд энэ сарын 20-доос хэтрүүлэлгүй Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахаар болсон байна. Түүгээр хоёр асуудал хэлэлцэхээр баттай төлөвлөсний эхнийх нь Хамтарсан Засгийн газарт АН цаашид байх эсэх тухай асуудал аж. Хоёр дахь нь энэ сарын 15-нд боловсруулж дуусах “Монгол хүн-2020” хөтөлбөр юм байна.

АН-ын цөөнгүй гишүүн хамтарсан Засгийн газарт цаашид байж нэр хүндээ муутгах хэрэггүй хэмээн үзжээ. Хамтарсан Засгийн газарт орсон гишүүдээс ЗТБХБ-ын сайд Х.Баттулга энэ талд буй. АН-ынхан маргааш Төрийн ордонд сар бүр сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа хийнэ. Түүнд оролцох АН-ын удирдах бүрэлдэхүүн маргаантай энэ сэдвээр сэтгүүлчдэд хариулт өгнө хэмээн өнөөдөр ам ангайх дургүй байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж