Монгол шиг дангаараа статусаа зарласан орон байхгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Монгол шиг дангаараа статусаа зарласан орон байхгүй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын баталгааны талаар хийж буй ажлын тухай Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэдээлэл хийв. Монгол Улс Цөмийн зэвсэггүй бүсийн статустай болох санаачлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1992 оны есдүгээр сард НҮБ-ын индэр дээрээс зарлаж байв. Түүнээс хойш энэ жил 20 жилийн ой нь тохиож байгаа юм.

Одоо Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа олон улсын баталгаатай болгох чиглэлээр ажиллаж байгааг сайд дурдлаа. ОХУ, БНХАУ, Монгол Улсын хооронд гурван талт гэрээ байгуулжээ. 2009 оны намар Японд цөмийн зэвсэгтэй таван улс Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хэлэлцсэн нь баталгаажуулах ажлын нэг хэсэг болсон байна. Хөрш хоёр оронтойгоо мөн зөвлөлдөх уулзалт хийжээ. Үүнд цөмийн зэвсэгтэй нөгөө гурван орныг татан оролцуулах талаар ч ярилцсан байна. ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Франц зэрэг цөмийн зэвсэгтэй орнууд “Цөмийн зэвсэгтэй таван орон ба Монгол Улс” гэсэн зарчмаар ажиллах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн байна.

Монгол Улс өөрийн статусын эрх зүйн гэрээг байгуулахын төлөө явж байгаа юм байна. Гэхдээ гэрээний баталгааг одоогоор таван улс хүлээн авахгүй байгаа аж. Монголын тал заавал гэрээ байх шаардлагагүй, санамж бичиг, протоколоор баталгаажуулж болно гэж үзжээ. Монгол Улс энэ статусаа НҮБ-ын ассамблейгаар тогтмол хэлэлцүүлж буй нь чухал дипломат хамгаалалт болохыг сайд хэлж байв.
Протоколд гурван агуулга тусгуулахыг чухал гэж Монголын тал үзжээ. Нэгд, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогыг сайшаах, хоёрт, 2012 оны төсвийг дэмжих, 20 жилийн ойгоор цөмийн зэвсэгтэй таван улстай яриа хэлэлцээр хийх санал тавих, гуравт, статусыг баталгаажуулах талаар ярилцахаар болжээ. Гэрээ байгуулах нь хялбар бус, тав арван жилийн урт процесс болохыг сайд дурдлаа.

Сүүлийн үед олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хүйтэн дайны үед цэрэг зэвсэг сайтай орнууд хүчирхэг байсан бол өнөөдөр эдийн засгийн хөгжилтэй, чадавхитай орнууд илүү давамгай байр суурьтай болсон. Эрчим хүчний эх үүсвэр сайтай орнууд ч чухал үүрэг гүйцэтгэх болсон байна. Монгол Улс цөмийн эрчим хүчний баялаг нөөцтэй, ураны их баялагтай гэдгээрээ анхаарал татах болсон.

Дэлхийд Монгол Улс шиг дангаараа статусаа зарласан орон байхгүй гэдгийг ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал Ц.Онон онцлон хэлж байлаа.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж