БНСУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчилна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак ирэх долоо хоногт Хятадад албан ёсны айлчлал хийх үеэр Хятадын дарга Ху Жинтаотой уулзахаар төлөвлөж байна. Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийн тогтвортой байдал болон стратегийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч мэдэгдсэн гэнэ. Энэ удаагийн уулзалт нь Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир нас барснаас хойшхи хоёр орны удирдагчдын  эхний өндөр дээд хэмжээний уулзалт юм байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак ирэх даваа гаригт Бээжинд гурван өдрийн айлчлалаа эхлэх гэнэ. Ли Мён Бакийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр БНСУ, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой дахь энэ айлчлал хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаа аж. Ноён Ли Мён Бак Хятадад хоёр дахь удаагаа айлчлах гэж буй нь энэ бөгөөд тэрбээр 2008 онд анх тус улсад албан ёсны айлчлал хийж байжээ. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак айлчлалын хүрээнд Хятадын Ерөнхий сайд Вэн Жябао, Ардын үндэсний конгрессын тэргүүн Ву Бангуотой уулзах юм байна. Умард Солонгосын гол холбоотон, худалдааны түнш Хятад Ким Чен Ирыг нас барсны дараа түүний залгамжлагчийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн билээ. Хятад улс Умард Солонгосын цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх санаархлыг зогсоох зорилготой зургаан талт хэлэлцээрийг байгуулсан орнуудын нэг юм. Энэ удаагийн айлчлалаар Сөүл Хятадтай Умард Солонгосын асуудлаар голлон хэлэлцэнэ гэж ажиглагчид таамаглаж байна. Өнгөрсөн сард Хятадын загасчид Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын ажилтныг хөнөөсөн хэргээс болж хоёр орны харилцаанд сэв суух дөхсөн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж