”Mining Journal Awards”-ын тухай сэтгэгдлүүд

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

”Mining Journal Awards”-ын тухай сэтгэгдлүүд

"Mining Journal Awards" уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг
салбарын тэргүүлэх эрдэмтэд болон байгууллагын төлөөллүүд ийн үнэлж
дүгнэлээ.

ШУТИС-ийн доктор, профессор Д.Дондов: Монгол улсад уул уурхайн аж
үйлдвэрлэл өргөн цар хүрээтэй хөгжиж байгаа энэ цаг үед “Mongolian
Mining Journal”  сэтгүүл уул уурхайн шилдэг үйлдвэрүүдийг 5 нэрлэмжээр
шалгаруулж байгаа нь маш чухал ач холбогдолтой зүйл гэж үзэж байна. Энэ
жилийн шалгаруулалтад 30 гаруй компани материалаа ирүүлсэн.
Шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг дүгнэж харж үзэхэд үнэхээр өргөн
хүрээтэй ажил хийсэн нь харагдаж байна. Үйлдвэрлэлийн цар хүрээ,
экологийн асуудал, шинэ технологи нэвтрүүлж буй байдал, нийгмийн
хариуцлагын хүрээнд их ажил хийсэн компаниуд материалаа ирүүлжээ.
Шалгаруулалтад оролцсон компаниудыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн
мэргэжилтнүүд шалгарууллаа. Шалгаруулах явцад олон компани өндөр
үзүүлэлтүүдээрээ ойролцоо байсан учраас нэлээд нарийн судалж үзэх
шаардлагатай байсан. Энэ шалгаруулалтын хамгийн гол утга нь Монгол улсын
уул уурхайн тэргүүлэх компани, шинэ технологи нэвтрүүлж буй компаниуд,
нийгмийн өмнө хариуцлага хүлээж буй компаниудыг тодруулах явдал юм.
Үйлдвэрлэлийн цар хүрээгээр том том компаниуд тэргүүн байранд шалгарчих
магадлал өндөр байна. Гэхдээ тухайн жилд технологийн, экологийн ямар
шийдлийг бие дааж хийв гэдэг асуудал маш чухал.  Тэр дундаа монгол
мэргэжилтнүүд, үндэсний компаниуд хэр оролцов гэдгийг нэгдүгээрт
анхаарах хандлагатай байлаа. Тухайлбал, энэ жил “Шивээ-Овоо”-гийн
нүүрсний уурхайд нэвтрүүлсэн нүүрсийг хатаах боловсруулах технологи
нэвтрүүлсэн “Таванталст” компани “Шилдэг технологи” номинацид шалгарсан.
Энэ бол дан Монгол инженерүүдтэй үндэсний компани юм. Компанийн хувьд
Эрдэнэт, Баганууртай харьцуулахад үйлдвэрлэлийн бүтээмжээрээ нэлээд бага
хүчин чадалтай байгууллага шүү дээ. Цаашдаа ийм компаниуд “Mining
Journal Awards”-ын шалгаруулалтад олноор өрсөлдөөсэй гэж бодож байгаа.
Тухайлбал, “Пибоди Винсвэй” хэдийгээр жаахан газарт нөхөн сэргээлт
хийсэн боловч Монголд ийм стандарт байж болох юм гэдгийг үлгэр жишээ
харуулж чадсан. Том том уурхайнууд экологийн асуудлаа шийдэхдээ ямар
шинэ стандартыг нэвтрүүлж байгаагаа онцлон ирүүлж байгаасай. Шүүгчээр
ажилласны хувьд Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх уурхай, үйлдвэр
энэхүү шалгаруулалтад идэвхитэй оролцож, материалаа ирүүлж байх нь чухал
юм шүү гэдгийг онцлон хэлмээр байна.

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Шархүү: Монголд уул уурхайн хөгжил эрчимжиж байгаа энэ үед Mongolian Mining Journal сэтгүүл олон шалгуур үзүүлэлтээр шалгаж дүгнэж, шалгаруулж байгаа нь сайшаалтай юм. Компаниудыг явуулж буй үйл ажиллагааны төрлөөр  нь хувааж, шалгуур үзүүлэлт гарган, мэргэжлийн шүүгчдээр дүгнүүлэхээс гадна олон нийтийн санал авч, энэ шалгаруулалтыг хийж байгаа нь өөрөө их онцлог зүйл. Олон нийтэд уул уурхайн салбарын талаар үнэн зөв мэдээлэл өгөх, энэ салбарт хэн нь шилдэг үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлох чухал арга хэмжээ гэж би ач холбогдлыг нь үнэлж байгаа. Компаниуд ч шалгаруулалтад идэвхитэй оролцож байна. Тухайн компанидаа ч гэсэн энэ арга хэмжээнд оролцсоноороо үйл ажиллагаа нийгэмд зөвөөр таниулах сайн талтай юм.  

МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа: Салбарын ололт амжилт, бас болж бүтэхгүй байгаа зүйлийг олон нийтэд таниулж, хүртээх утгаараа хэрэгтэй үйл ажиллагаа гэж харж байна. Шалгаруулалтад оролцож байгаа компаниудын хувьд  гадаад дотоодын хөрөнгө оруулалттай том жижиг байгууллагууд, мөн хайгуул олборлолтоос гадна үйлчилгээ үзүүлдэг гээд их олон чиглэлээр оролцож байна. Үндэсний онцлогтой, монгол инженерүүд оролцсон, монгол хөрөнгө оруулагч дангаараа оролцсон байдлыг нь илүү анхаарах хандлага барилаа. Цаашдаа энэхүү арга хэмжээний шалгаруулалт ил тод, шударга явагддаг болохыг хүмүүст харуулах талд хийх ажил их байна.  

Уул уурхайн хүрээлэнгийн дэд захирал Б.Энхбаатар: Уул уурхай өндөр хөгжсөн дэлхийн бүх л оронд уул уурхайн сэтгүүлүүд нь ийм зарчмаар салбарын шилдгүүдээ шалгаруулдаг жишиг тогтсон байдаг. Үүний дагуу Моngolian Mining Journal ийм шалгаруулалтыг санаачлан, зохион байгуулж байгаа нь их утга учиртай зүйл юм. Яагаад гэхээр өнөөдөр уул уурхайн салбарыг хүн бүхэн мэддэг юм шиг мөртлөө бас мэддэггүй ч юм шиг.  Уул уурхайн салбар маань хэр хариуцлагатай явж байгаа юм, батлагдсан зураг төслөөрөө ажлаа явуулж байна уу, үгүй юү гэдгийг энэ шалгаруулалтаар үнэн зөвөөр тодорхойлж гаргаж ирнэ. Тэр утгаараа уурхайнуудын хариуцлагыг нэмэгдүүлэх талдаа цаашдаа маш их үр ашигтай үйл ажиллагаа гэж бодож байгаа. “Шилдэг уурхай” гэсэн номинацийг жишээ аван ярихад уурхай нь маш олон зүй тогтол, процессын дараалал байдаг. Энэ дараалал нь батлагдсан зураг төсөл буюу ТЭЗҮ-ийн дагуу явагддаг. Анх батлагдсан зургаа хэр зөв барьж, зургийнхаа дагуу хэр баталгаатай явж байна гэдэг үндэслэлээр “Шилдэг уурхай”-г шалгаруулж байна. Өөрөөр хэлбэл барилгаар яривал архитектурын зураг гаргачихаад явцад нь өөрчлөөд солиод байвал тухайн барилга юу болох билээ? Уурхай ч мөн адил. Тэгэхээр ийм  үндэслэлээр шилдэг уурхайг шалгаруулж байгаа нь маш зөв гэж үнэлж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Наранхүү: Уул уурхайн шилдэг компаниудыг шалгаруулж буй арга хэмжээний онцлог нь үндэсний уул уурхайн салбарын мэргэжлийн чадвар яаж бүрдэж байна гэдэгт илүү анхаарч байна. Энэ жил шүүгчдийн хувьд , ялангуяа хайгуул, технологи, экологийн чиглэлээр оролцож буй компанийн ажлуудад манай боловсон хүчнүүд хэр их оролцсон байна, гадны бэлэн технологийг шууд ашиглаж уу эсвэл тэрхүү технологийг эх орны нөхцөлд тохируулахад чиглэсэн судалгаа шинжилгээний ажил хийсэн байна уу гэдгийг харж шүүсэн. Ийм учраас “Mongolian Mining Journal” сэтгүүлийн шалгаруулалт их ач холбогдолтой. Цаашдаа уул уурхайн үйлчилгээний бүх чиглэлээр үндэсний чадавхийг улам бүр сайжруулах гол зорилготой гэж үзэж байна.
Бид цаашдаа үзүүлэлтээ улам нарийсгах шаардлагатай байна. Салбарын хүрээнд нарийн, дагнасан үйлчилгээ хүргэдэг сайн компаниуд бий болсон байна. Жишээлбэл өрөмдлөгийн эсвэл хайгуулын мэдээ материалыг боловсруулдаг компанийг энд дурдаж болно. Технологийн талын инженерингийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд бий болж эхэлж байна. Бид том том уурхайн ажлыг дүгнэчихээд, эдгээр компанийн ажлыг дүгнэж чадахгүй байна. Иймээс энэхүү арга хэмжээний цар хүрээ, зар сурталчилгааг өргөжүүлж, нөгөөтэйгүүр шалгуур үзүүлэлтээ их ойлгомжтой болгож, оролцож буй компаниудыг хооронд нь шударга бөгөөд улс орны хөгжилд үзүүлж буй гүн утгаар нь шалгаруулах тэр хэмжээнд хүрэх хэрэгтэй байна.

Ил тод сан ТББ-ын зохицуулагч Д.Цэрэнжав : Би энэхүү арга хэмжээний шүүгчдийн бүрэлдэхүүнд иргэний нийгмийг төлөөлж ажилласан. Шалгаруулалтыг маш нарийн мэргэжлийн салбарын ангиллуудаар хийсэн. Би уул уурхайн салбарт мэргэжлийн бус хүн учраас нийгмийн хариуцлагын чиглэлээр ажилласан компаниудыг шалгаруулахад нэлээд анхаарал хандуулж ажиллалаа. Монгол улсын эдийн засаг, нийгэмд улам бүр үүрэг рольтой болж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгөх, олон нийт ямар байр суурьтай байгааг харуулах нь зайлшгүй цаг үеийн шаардлагаар бий болсон асуудал гэж харж байна. Миний ажиллаж буй “Ил тод сан” ТББ 2007 оноос компаниудыг ил тод байдлаар нь шалгаруулж рейтингийг тодорхойлох санаачлага гарган ажиллаж эхэлсэн. Татвар, төлбөр хураамж, тусламж хандивийн санаалчлагаар нь компаниудын мэдээллийг нийтэд танилцуулах ажил хэрэгжүүлдэг “Олон улсын ил тод байдлын санаачилга” манай улсад сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжиж байгааг хүмүүс мэдэх байх. Үүний зэрэгцээ энэхүү арга хэмжээгээр уул уурхайн компаниудыг тодорхой үзүүлэлтээр шалгаруулж буй нь чухал ач холбогдолтой юм. Эцсийн дүндээ энэ нь улс орны хөгжил, хүмүүсийн амьдралд оруулах хувь нэмрийг нь ихэсгэх ач холбогдолтой гэж бодож байна. Энэ шалгаруулалтын хүрээнд харж байхад уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагаа илэрхийлэх нь ихэсч, энэхүү хандлага нь тогтсон стандарт болж, их өөрчлөлт гарч байгаа юм гэдэг нь харагдаж байна.  

 “Гложекс” компанийн Ерөнхий захирал Л.Наранбаатар: “Мining Journal Awards”-д манай компани хоёр дахь жилдээ оролцож байна. Энэ жил ёслолын арга хэмжээнд оролцож буй хүмүүсийн цар хүрээ нэлээд өргөжсөн байна. Манай төрийн бодлого тодорхойлогчид, мөн нэртэй эдийн засагчид, элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, салбарын томоохон компаниудын захиралууд, хөрөнгө оруулалтын томоохон корпорациудын захиралууд ирсэн байгаагаас харахад нэр хүнд, ач холбогдлын хувьд их  цар хүрээтэй болсныг харуулж байна. Монголын эдийн засгийн гол тулгуур нь  уул уурхайн салбар болоод байгаа. Тэр дундаа энэ салбар сүүлийн жилүүдэд өндөр өсөлттэй явж байгаа. Оюутолгой, Тавантолгой болон бусад тмоохон төслүүд хэрэгжээд эхэлбэл Монголын эдийн засаг нэлээд өсөх бололцоо байна. Ерөнхий сайдын өгсөн мэдээллээр, Монголын эдийн засаг энэ жил 24 хувь, ирэх жил улам илүү өсөх төлөвтэй гэсэн байна лээ. Энэ өсөлтийг уул уурхайн салбар бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар маш их ажлын байр бий болгож, маш их хөрөнгө оруулалт, эдийн засгийн шинэ шинэ боломжуудыг бий болгож байна.
Ийм үед Монгол төдийгүй Азид нэр хүнд нь нэлээд өсч буй Mongolian Mining Journal сэтгүүл энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цагаа олсон зөв арга хэмжээ юм болов уу гэж бодож байна. Бид нэг үе уул уурхайг их хараар буддаг байсан. Одоо ч ийм хэвээр байна. Ийм арга хэмжээ зохион явуулснаар баялаг бүтээж буй компаниудаа нийгэмд зөвөөр сурталчлах, төрийн бодлого тодорхойлогчид нь бас компаниудаа үнэлэх, хамтарч ажиллах гэсэн их том мессежийг нийгэмд өгч байгаагаараа ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хариуцлагатай уул уурхайг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд “Mining Journal Awards” маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэдгийг би цохон тэмдэглэмээр байна.

УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу: Юуны өмнө “Mongolian Mining Journal” сэтгүүл сүүлийн жилүүдэд ийм арга хэмжээ зохион байгуулснаар Монгол улсад уул уурхайн салбарыг зөв голдиролд нь оруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Дэлхийн шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх, Монголын шилдэг туршлагуудыг олон нийтэд хүргэх талаар томоохон үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгож байна. “Mining Journal Awards”-ын шагнал гардуулах ёслолд цугласан бүх хүмүүсийн өмнөөс энэ сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлж, баяр хүргэе.  
Олон жил Сангийн яаманд ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, Монгол улсын боловсролын салбар, эрүүл мэнд, нийгмийн халамжид шаардлагатай бүх орлогын дийлэнхийг манай уул уурхайн салбар бүрдүүлж байгаа юм шүү. Монгол улсын төсвийн бүрдэлтэд уул уурхайн салбар гол үүрэг гүйцэтгэж байгаа. Энд хуран цугларсан уул уурхайн салбарын төлөөлөгчид та бүхэн Монголын санхүү, эдийн засгийг чадавхижуулахад үнэхээр жинтэй хувь нэмэр оруулж байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна.

“Мондулаан” компанийн Гүйцэтгэх захирал Ш.Лхамсүрэн: “Mining Journal Awards”-ын Эко уурхай номинацид манай компани нэр дэвшсэндээ их баяртай байгаа. Хариуцлагатай уул уурхайн нэг тулгуур багана нь байгаль орчинд хал балгүй үйл ажиллагаа явуулах юм. Бидний хувьд техникийн нөхөн сэргээлтийг олборлолттойгоо зэрэгцүүлж явуулдаг. Үүний дараагаар биологийн нөхөн сэргээлтийг цаг хугацаанд нь шууд хийдгээрээ онцлогтой.

Mongolian Mining Journal сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа:  Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 170 орчим компанид шалгаруулалтад оролцохыг урьсан урилга хүргүүлсэн. Эндээс хоёр дахь удаагийн шалгаруулалтаар 56 материал тунаж үлдсэн байгаа. Өрсөлдөөн маш ширүүн болсон. Өнгөрсөн жилийнхийг бодвол энэ жил уул уурхайн компаниуд хийж бүтээсэн зүйлтэй, үр бүтээлтэй, ялангуяа нийгмийн хариуцлагын чиглэлээр асар их зүйлийг хийсэн байна. Энэ бүхнийг дүгнэж цэгнэхэд хүнд хэцүү байлаа. Гэвч манай шүүгчид Монголын уул уурхайн салбартаа нэр хүндтэй хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус байж чадах эрхмүүд юм. Шалгаруулалт маш их өрсөлдөөнтэй болсон.
Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхээс асар их өөрчлөлт гарсан байна. Энэ өөрчлөлт бол Монголын нийгэмд уул уурхайг дагаад бий болж байгаа өөрчлөлт, хурдын толь юм. Жишээлбэл, дэвшилтэт технологи номинацад өнгөрсөн жил цөөхөн компани оролцож байсан бол энэ жил энэхүү номинацад 13 компани шинэ технологи нэвтрүүлсэн үзүүлэлтээр өрсөлдөж байна. Тэдгээрийн дундаас ганцыг шалгаруулна гэдэг хэцүү. Гэхдээ уралдаан бол уралдаан. Манай шалгаруулалтын бас нэг онцлог нь томоохон компаниуд төдийгүй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, нөхөн сэргээлтээ сайн хийсэн жижиг компани ч гэсэн шалгарахад нээлттэй байдаг. Энэ утгаараа жижиг, дунд уул уурхайн компани маш олноороо оролцсон.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж