Саналын томъёоллуудыг хэлэлцэх үеэр гишүүдээс асуулт, санал гарч, бас ажлын хэсгийнхэнтэй харилцан ярилцаж ойлголтоо нэгтгэж байлаа. Р.Раш гишүүн “бэлчээр” гэсэн ойлголтыг хэрхэн томъёолох талаар саналаа хэлсэн юм. Түүнийхээр бэлчээр гэдэг нь мал, тэжээвэр амьтдыг жилийн дөрвөн улиралд бэлчээхэд тохиромжтой газар аж. Төсөлд “Гэр бүлийн хамтын хэрэглээний зориулалтаар газар эзэмших гэж амины орон сууц барих, төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар газар эзэмшихийг хэлнэ” гэж оруулжээ. Д.Балдан-Очир гишүүн гэр бүлийн хамтын хэрэглээний газар гэдэг томъёолол нь Үндсэн хуулийн иргэнд газар өмчлүүлнэ гэдэгтэй зөрчилдөх үү, өрхөд, иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх гэсэн байдгаас гэр бүлийн хамтын хэрэглээ гэж байхгүй хэмээн эргэлзэж байлаа. Харин Су.Батболд гишүүний тайлбарласнаар гэр бүлийн хамтын хэрэгцээнд газар эзэмших гэдэг нь ямар зориулалттай болохыг уг хуульд тодорхойлсноос бус Үндсэн хуулийн ойлголт биш, түүнтэй зөрчилдөхгүй гэсэн юм. Гишүүн Р.Раш малчдад өвөлжөө, хаваржааг эзэмшүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байлаа. Гэхдээ өвөлжөө, хаваржаа гэдэг нь зөвхөн бууц биш, бэлчээртэй, хоёроос гурван км радиустай талбайг малчдад эзэмшүүлэх нь хөдөөгийн амьдралд зохицох байх гэж тэрбээр хэлж байв. Гэхдээ өвөлжөө, хаваржааг эзэмших эрх хэлэлцэж буй төслийн 3.1-д байгаа гэж П.Алтангэрэл гишүүн сануулав. Харин гишүүн Батж.Батбаяр “Энэ бол маш ноцтой асуудал. Миний эзэмшил газарт та нар орж ирлээ гээд буу шийдэмдээ тулбал яана” хэмээн болгоомжлуулсан юм.
Гишүүн Н.Ганбямба энэ үеэр нэг ноцтой асуудал сөхөв. Орон сууцны байрны дорх газар ганцхан хүний эзэмшлийн газар байдаг. Ганцхан барилгын компанийн захирлын нэр дээр газрыг авсан бол оршин суугчид тэр хүний л газар дээр суугаа болж таарах уу гэж тэрбээр асууж байв. Ганц хүний эзэмшил газар дээр сууж байгаагаа оршин суугчид анзаардаггүй. Гэтэл орон сууцаа зарахаа мэддэгээс биш, дорх газрыг нь зарчихвал суугчид хэн болж таарахаа мэддэггүй гэнэ. Харин ажлын хэсгийн зүгээс хариулснаас үзвэл хуулиараа бол орон сууцны дорх газрыг бүх оршин суугчид хувь тэнцүүлсэн байдлаар эзэмших бөгөөд журиыг Засгийн газраас батлах юм байна. Газрын бирж гэдэг ойлголт уг хуулийн төсөлд орж ирсэн байна. Ийм биржтэй болсноор газрын далд наймаа цэгцэрч, далд эдийн засгийг ил болгож, газрын үнэ цэнэ ч бодитой тогтоогдох ажээ.