Мексикийн их зөнч “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг энэ жил ерөнхийлөгчийн сонгуульд ялагдана” хэмээн зөгнөжээ. Тэрбээр мөн Латин Америкийн өөр хоёр удирдагч хорт хавдар тусна гэсэн аж. Энтонио Вазквиз нэрээр алдаршсан Месксикийн их зөнч Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын хорт хавдар дахин аймшигтай сэдэрнэ гэж хэлсэн байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Латин Америкийн хэд хэдэн орны удирдагчид хорт хавдартай гэж оношлуулсан юм. Хамгийн сүүлд Аргентины Ерөнхийлөгч Кристина Киршнерт хорт хавдрын онош тогтоосон билээ. Түүнээс өмнө Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русефф, экс Ерөнхийлөгч Луи Инацио Лула да Силва, Парагвайн Ерөнхийлөгч Фернандо Луго нар мөн хорт хавдар туссан юм. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Латин Америкийн удирдагчид хорт хавдраар өвчилсөн нь АНУ-ын хорт явуулга гэж буруутгасан билээ. Энтонио Вазквиз энэ онд еврогийн хүч суларч, өндөр хөгжилтэй орнууд эдийн засгийн хямралтай тулгарна гэжээ. Тэрбээр мөн Латин Америкийн нэгэн удирдагчийн амь насанд халдахыг зөгнөсөн байна. Мексикчүүд их зөнчийн хэлсэн зүйлийн 75-80 хувь нь үнэн байдаг гэж үздэг аж.
Н.Энх