Гамшигт өртсөн иргэдэд гэр олгоно

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Гамшигт өртсөн иргэдэд гэр олгоно

Дорнод
аймгийн төвд өнгөрсөн сарын 28-нд нийтийн эзэмшлийн байранд гал гарч,
22 өрх орох оронгүй болсон байна. Энэ асуудлыг Засгийн газрын
хуралдаанаар авч хэлэлцээд Улсын нөөцөөс хөрөнгө гаргахаар шийдвэрлэжээ.
Иймд бид Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаас
дараах тодруулгыг хийлээ.

-Галд өртсөн өрхүүдэд
тусламж үзүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Гаргасан
шийдвэрийн талаар тодруулахгүй юу?

-Хэрэг явдалтай
холбоотойгоор Дорнод аймгийн Онцгой байдлын комиссоос галт өртсөн
өрхүүдэд гэр орон олгоход туслах хэрэгтэй байна гэсэн саналаа Улсын
Онцгой комисс ирүүлсэн. Улсын Онцгой комисс асуудлыг хэлэлцээд улмаар
Засийн газрын өнөөдрийн хуралдаанд оруулж шийдвэрлэлээ. Нийт  22 өрхөд
тус бүр иж бүрэн гэрийг улсын нөөцөөс гаргах нь зүйтэй гэж үзлээ. 

-Гал юунаас болж гарсан юм бол?

-Урьдчилсан
дүгнэлтээр гал цахилгаанаас болсон гэж гарсан гэсэн байна билээ. Гэвч
уг барилга нь 1968-1696 онд баригдсан, модон нийтийн зориулалттай
байшин. Олон жилийн туршид урсгал болон иж бүрэн засвар хийгдээгүй
байсан нь гал гарахад нөлөөлсөн байх магадлалтай байгаа.

-Улсын нөөцөөс хэдий хэмжээний зардал гаргах болж байна?

-Улсын нөөцөөс иж бүрэн гэр, мөн тээвэрлэх зардлаа оруулаад нийтдээ 52 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэлээ.

-Галын улмаас хүний амь хохирсон уу?

-Хүний амь нас хохироогүй. Харин 73 настай нэг иргэний бие угаартсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэдэг мэдээллийг ирүүлсэн.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж