Английн Премьер лигийн “жараахай” “Фулхэм” клуб өнгөрсөн шөнө Германы “Гамбург”-ийг 2:1 харьцаатай буулган авснаар Европын лигийн аваргын төлөө Испанийн “Атлетико Мадрид”-тай тоглохоор боллоо.
Германд болсон эхний тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн учир Лондон хотын Крейвн Коттиж цэнгэлдэхэд зочилсон германчуудын ганц гоол л хоёрын дайтай тооцогдох учиртай байлаа. Дээр нь аваргын төлөөх тоглолт “Гамбург” клубын талбайд болох учир германчууд ихэд найдвар тавьж, итгэл төгс талбайд гарсан бөгөөд 22 дахь минутад тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Дэнни Мерфи алдаа гаргаснаар талбайн зочид чөлөөт цохилт гүйцэтгэх болж, хорват довтлогч Младен Петрич чөлөөт цохилтоос гайхамшигтай гоол оруулснаар багтаа тэргүүлэл авчирсан юм.
Европын лигийн гайхалтай, амжилттай аяллынхаа туршид “Ювентус”, “Вольфсбург”, “Шахтёр Донецк” зэрэг арвин туршлагатай хууччуулыг буулган авсан “Фулхэм” 69 дэх минутад тэнцээний гоолыг оруулж, улмаар тоглотын үндсэн цаг өндөрлөхөөс 14 минутын өмнө ялалтын бөмбөгөө оруулснаар Рой Хожсоны хөвгүүд Европын лигийн финалд өрсөлдөх эрхээ авсан юм.
“Фулхэм”-тэй аваргын цом булаалдах “Атлетико Мадрид”-ын тухайд өнгөрсөн шөнө “Ливерпуль”-ийн Энфилд цэнгэлдэхэд зочилж, 2:1 харьцаатай ялагдсан ч өнгөрсөн долоо хоногт талбайдаа 1:0-ээр хожсон байсан учир айлын талбайд оруулсан гоолын дүрмээр аваргын төлөөх тоглолтод шалгарчээ. Тоглолтын эхний хагас өндөрлөхийн өмнөхөн итали хагас хамгаалагч Альберто Аквилани тооны харьцааг нээсэн бөгөөд хоёрдугаар хагаст хэн хэн нь өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулж чадаагүй учир нэмэлт цаг сунгасан. Харин нэмэлт цагт Йосси Бенаюн гоолдож, “Ливерпуль”-ийн боломж нээлттэй болсон ч гоолоос хойш долоон минутын дараа Диего Форлан тоглолтын хувь заяаг шийдсэн чухал гоолыг оруулсан байна.
Ийнхүү ирэх сарын 12-нд Гамбург хотын “Нордбэнк Арена”-д Испанийн “Атлетико Мадрид” болон Английн “Фулхэм” багууд анх удаагаа шинэ форматаар зохион байгуулагдаж буй Европын лигийн аваргын цом булаалдах боллоо.
С.ЦЭЛМЭГ