Одонтой эхчүүдэд мөнгө олгохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Одонтой эхчүүдэд мөнгө олгохыг дэмжлээ

УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар мөнгө амлахыг хориглосон ч, УИХ дахь МАН-ын бүлгээс энэ төрлийн хуулийн төслүүдээ шил дараалан хэлэлцүүлээд байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төсөлд тусгаснаар Алдарт эхийн I зэргийн одонтой ээжид нэг сая төгрөг, Алдарт эхийн II зэргийн одонтой ээжид 500 мянган төгрөг, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бол 300 мянган төгрөг олгохоор заажээ. Мөн хуулийн хэрэгжих хугацааг 2013 оны нэгдүгээр сарын 1 гэж заасан байна. Энэ нь Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгаж өгөөгүйтэй холбоотой гэнэ. Ямар ч байсан одоогийн одонтой ээжүүдэд мөнгөн тэтгэлэг олгох хийгээд гурваас дээш хүүхэдтэй ээжүүдэд мөнгө өгөхөд эхний ээлжинд 140 тэрбум төгрөг шаардагдаж байгаа аж. Эхчүүдэд ологох энэхүү тэтгэлэг нь нэг удаагийнх байх бөгөөд цаашид жил бүр улсын төсөвт найман тэрбум төгрөг тусгаад явахад шинээр одонгийн болзол хангасан эхчүүд болоод гурваас дээш хүүхэд төрүүлсэн эхэд тус бүр тэтгэлэг олгоход найман тэрбум төгрөг хүрэлцэнэ гэж үзжээ.

Дашрамд сануулахад, МАН нь 2008 оны сонгуулиар одонтой ээжүүдэд 500 мянгаас 1 сая хүртэлх төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгоно хэмээн амлалт өгч байсан юм. Улмаар энэ амлалтаа ажил хэрэг болгох зорилгоор хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус газраас энэ чиглэлийн төслийг УИХ-д мэдүүлээгүй юм байна. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ажил, нөгөө талдаа амласан амлалт хэрэгжих ёстой гэдэг үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дээрх төслийг санаачилсан юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж