Ц.Нямдоржоос 100 саяыг нэхэмжилсэн үндэслэл юу вэ?

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржоос 100 саяыг нэхэмжилсэн үндэслэл юу вэ?

МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг өөрийнх нь нэр төрд халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан талаар бид  өчигдөр мэдээлсэн билээ.  Тэрбээр өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос 100 сая төгрөг нэхэмжилсэн гомдлоо тус дүүргийн шүүхэд иргэний журмаар өгсөн байна. Энэ талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн, Н.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зүйлсийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагад:

“Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийн дагуу, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд хандаж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “…хэнд боловч… хүнлэг бус, … хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй…”, мөн 17 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн … хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж тунхаглан заасан билээ. Гэтэл сүүлийн үед Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан миний нэр төр, алдар хүндийг хэд хэдэн удаа гутаан доромжиллоо. Тухайлбал:

  • 2011-10-28-ны өдөр “Өдрийн сонин”-д өгсөн Ц.Нямдоржийн “Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ” гэсэн сэдэвтэй ярилцлагын гурав дахь асуултад хариулсан хариултын  хэсэгт “Лхагвасүрэн жанжны ач Сэргэлэн гэж хүн бий. Н.Энхбаярыг хамтрая гээд байхаар нь хэвлэх үйлдвэрт 400 сая төгрөгөө өгөөд алдчихсан”,
  • 2011-10-27-ны өдөр өгсөн Ц.Нямдоржийн “Н.Энхбаяр хариуцлагаас мултрах гарц хайж байна” гэсэн ярилцлагын гурав  дахь асуултад хариулсан хариултын хэсэгтээ “Хоёр барилга хууль бусаар хувьчлагдсан нь үнэн. Энэ хоёр барилга тийшээ явсан нь бас үнэн”,
  • 2011-11-28-ны www.yanaa.mn сайтад хэвлэгдсэн Ц.Нямдоржийн ярилцлагын  хоёр дахь асуултад хариулсан хариултын хэсэгтээ “Өргөө” зочид буудлын 75 %-ийг байгуулагдаад долоохон хонож байсан компанид нэг ч төгрөгийн үнэгүйгээр өгсөн байсан”,
  • 2011-05-15-ны өдөр www.ganchimeg.niitlelch.mn сайтад  “Ярилцъя” буланд өгсөн ярилцлагын 14 дэх асуултад хариулсан хариултын хэсэгтээ “Энхбаярын тархин доторхи ой санамж байхгүй болсон, эсхүл одоо элдэв юм яриад байгаа энэ хүн жинхэнэ Энхбаяр биш, дууриамал Энхбаяр шиг санагдаад байх боллоо ” гэсэн ярилцлагууд өгчээ.

Эдгээр ярилцлагуудад Н.Энхбаяр миний бие хууль бус хувьчлалыг зохион байгуулсан мэт, өмнө нь уулзаж үзээгүй Л.Сэргэлэн гэх хүнээр “хамтрая гээд 400 сая төгрөг хэвлэх үйлдвэрт өгүүлчихсэн” мэт, “Өргөө” зочид буудлыг нэг ч төгрөгийн үнэгүйгээр хууль бусаар компанид өгүүлчихсэн мэт, мөн ой санамж нь байхгүй болчихсон мэтээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан миний албан тушаалын ажил үүрэгт огт хамааралгүй асуудлаар ор үндэсгүйгээр санаатайгаар гүжирдэн гүтгэж, миний нэр төр, алдар хүнд, эрүүл мэндийг гутаан доромжилж, хэд хэдэн мэдээллийн хэрэгслээр тараасан байна. Сайд Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн яамыг толгойлж байгаа төрийн албан тушаалтны хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, зөвхөн үнэнийг хэлж ярих, харъяанд нь байгаа хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд үл хутгалдах, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахын оронд гүтгэлийн шинж чанартай мэдээлэл, ярилцлагыг өгч, түүндээ мөрдөн байцаах ажлын нууцыг задалж, шүүхээр хууль бус хэмээн үзэж дүгнээгүй асуудлыг өөрөө дур мэдэн эрх мэдлээ хэтрүүлэн “хууль бус болсон” хэмээн дүгнэж, хүний нэр төр, нэр хүндэд халдаж, олон түмнийг төөрөгдүүлж, хууль зөрчиж байна.

Иймд Иргэний хуулийн 497.1 дүгээр зүйл, 511.1 дүгээр зүйлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр миний нэр төр, алдар хүндийг сэргээж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид дараах үүргийг шүүхийн шийдвэрээр ногдуулна уу. Үүнд:

1.    Миний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр хамгийн цөөн гэхэд 3-аас доошгүй удаа давтан залруулах,

2.    Ийнхүү миний нэр төр, алдар хүндэд халдсанаас надад эдийн бус гэм хор учирсан тул мөнгөн хэлбэрээр арилгаж, 100 сая төгрөгийг олгуулах зэргийг нэхэмжилж байна. Миний бие дээрх төлбөрийг ядуу амьдралтай хүмүүс, ялангуяа ахмадууд, өнчин хүүхдүүдэд зориулан зарцуулна. Шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэжээ.  

Түүний  гаргасан нэхэмжлэлд Сүхбаатар дүүргийн шүүх долоо хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдэх ёстой. Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэхэмжлэлийг өөр дүүргийн шүүхэд харьяалагдах учир хүлээж авах боломжгүй байгаа гэнэ. Гэхдээ энэ нь нэхэмжлэлийг хангах боломжгүй  гэсэн үг биш  юм байна.  Түүний гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэвэл хоёр сарын хугацаанд шүүх хурлыг хийх аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж