“Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага”

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

“Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага”

-Mining Journal Awards – д шалгарагсдыг цувралаар танилцуулж байна-

“Mining Journal Awards 2011” шалгаруулалтын “Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага” номинацид хамгийн их буюу нийт саналын 31 хувиар Худалдаа хөгжлийн банкийг шилдгээр нэрлэсэн байна. Энэхүү номинацийн “эзэн”-ээр  тодорсон байгууллагатай саналын тоогоор тун дөхөж очсон компани бол “Гложекс” ХХК байлаа. Тус компани нь 2011 онд уул уурхайн салбарт олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, салбарын тулгамдсан асуудлыг бодлого тодорхойлогчидтой хамтдаа хэлэлцэх томоохон хурлуудыг тун ч амжилттай зохион байгуулсан нь олон нийтэд ийнхүү үнэлэгджээ.    
Монгол улсын ууган арилжааны банк Худалдаа, хөгжлийн банк /ХХБ/ ашигт малтмал, уул уурхайн салбарыг дэмжин ажилладаг бөгөөд “Уул уурхайн банкны газар”-ыг 2007 онд байгуулан, Монголын арилжааны банкуудаас уул уурхайн салбарт хамгийн их зээл олгодог үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Тиймдээ ч тус банк нь олон улсын хэмжээний  томоохон хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид оролцдог чуулга уулзалтуудад голлох үүрэгтэйгээр оролцож ирсэн юм. Зөвхөн 2011 онд гэхэд л уул уурхайн олон улсын чанартай хурал зөвлөлгөөн, үйл ажиллагааг дэмжин ивээн тэтгэгчээр ажиллаж, тэдгээрт 500 сая төгрөг зарцуулжээ.

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхон:

Худалдаа хөгжлийн банкны хувьд уул уурхайн салбарт шууд зээл олгоод зогсохгүй мөн дагалдах салбарууд болох өрмийн компани, тоног төхөөрөмж, машин механизм импортолдог болон ханган нийлүүлэлтийн компаниудыг дэмжин ажилладаг билээ. Өнөөдөр нийт зээлийн 30 гаруй хувь буюу 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийг уул уурхайд шууд холбогдолтой салбаруудад олгосон байна. Дээр нь Монголд болон дэлхий нийтээр зохион байгуулагдаж байгаа Монголд хөрөнгө оруулах, тэр тусмаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хурал чуулганы ивээн тэтгэгчээр дэмжин ажиллаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ажил үйлст идэвхтэй оролцсоныг минь үнэлж, “Уул уурхайг дэмжигч байгууллага” гэсэн номинацийн эзнээр тодруулсан та бүгдэд баярлалаа. Цааш цаашдаа “Мining Journal Awards”-т шилдэг уурхайгаас гадна, шилдэг эко уурхай, шилдэг хариуцлагатай уурхай, шилдэг технологи, шилдэг хайгуулын компани гэсэн номинациудад улам олон компани оролцож, үйл ажиллагаагаа сайжруулан байгаль орчин, нийгмийн хариуцлагын төлөө илүү ихийг бүтээсэн амжилтаараа энэхүү шагналыг авахын төлөө өрсөлдөж байгаасай гэж хүсч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж