Монголын Ардчилсан холбооноос Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Тусгаар тогтнол” одон бий болгосон байна. Энэхүү одонгоор туурга тусгаар, бүрэн эрхт, төрт ёсны уламжлалт Монгол Улсаа сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний үзэл санаа, тэмцэл ялалтыг төгс төгөлдөр үр дүнд хүргэсэн 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон хүмүүсийг шагнаж байгаа юм. Шагнагдах хүмүүсийн дотор 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлагч, VIII Богд Жавзундамба хутагт хааны нэр байв. VIII Богд Жавзундамба бол одоогоос олон жилийн өмнө бурхан болсон хүн шүү дээ. Тодруулбал 1924 оны тавдугаар сарын 20-ны өдөр таалал төгссөн байдаг. Нэг ёсондоо “Тусгаар тогнол” одонг 88 жилийн өмнө нас барсан хүнд л олгохоор болсон юм даг уу. Ингээд одонг гардуулах хүмүүс нас барсан хүнд одон өгч болохгүйг мэдсэн үү яасан, түүний хойд дүр IX Богдод уг шагналыг гардуулан өгсөн гэнэ. УИХ-ын гишүүн, ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга үнэхээр мундаг хүн аж. Түүний толгойлдог Монголын ардчилсан холбоо 88 жилийн өмнө нас барсан хүнийг шагнах шийдвэр гаргаад хойд дүрд нь гардуулсан нь 2011 оны төгсгөлд болсон хамгийн том үйл явдал байлаа. Угтаа бол буруу хүнд ч гардуулж байгаа юм билүү хэн мэдлээ. IX Богд бол VIII Богдын хойд дүр гэгддэг ч батлагдаагүй юм биш үү. Тэгэхээр буруу л хүнд одон өгчих шиг болсон. Яг энэ үйл явдалтай тэнцэхүйц зарим талаараа бүр давж гарахаар үйл явдал өнгөрсөн онд болсон санагдана. Чингис хааны Дэлхийн академийн ерөнхийлөгч, Чингис хааныг залгамжлагч хунтайж П.Давааням гэж хүн байдаг даа. Тэр хүн чинь “Чингис хааны морьтон баатар” гэх шагналыг сэргээж хэд хэдэн хүнд өгсөн шүү дээ. Тэгэхээр найман зууны өмнө амьдарч байсан Чингис хаан ч гэсэн өнөөдрийн Монгол Улсыг бий болгох эх суурийг тавьж байсан учир “Тусгаар тогтнол” одонг авах эрхтэй юм биш үү. Монголын ардчилсан холбооноос Чингис хааныг одонгоор шагнах тушаал гаргаж түүний залгамжлагч хунтайж П.Даваанямд гардуулж өгөх хэрэгтэй. VIII Богдын шагналыг IX Богд авч болоод байхад, Чингис хааны шагналыг П.Давааням яагаад авч болохгүй гэж. Х.Баттулга сайд аа Чингис хааныг нэхэн шагнаач.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин