Баянзүрх дэх улстөрчдийн тулаан

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Баянзүрх дэх улстөрчдийн тулаан

Сонгуулийн тухай хуулийг баталснаас хойш тойрог болон намаас хэн, хэн өрсөлдөх вэ, хэнийг нь сонгуульд өрсөлдүүлэхгүй байх вэ гэхчлэн олон асуудал намуудын өмнө тулгарч буй. Одоогийн байдлаар бүрмөсөн ил болоогүй хэдий ч өөр хоорондоо далдуур тохиролцож байгаа нь тодорхой юм. Мөн Сонгуулийн шинэ хуулиар аймаг, нийслэлийн дүүрэг бүрийн мандатын тоо цөөрсөн. Нийслэлийн тухайд өмнө нь мандатын тоо 20 байсан бол одоо 14 болсон юм. Тухайлбал, Баянзүрх, Налайх дүүргийн мандатын тоо нэгээр цөөрөн гурав болоод байгаа. Тэгэхээр Баянзүрхийнхэн УИХ-ын 2012 оны сонгуулиар гурван нэр дэвшигчийн нэрийг дугуйлна гэсэн үг. Баянзүрх дүүрэгт УИХ-ын 2000, 2004, 2008 оны сонгуулийн үйл явц, үр дүн сонирхол татахуйцаар өрнөж байсан билээ. Тус дүүргийнхэн 1996 оны сонгуулиар МАХН /хуучнаар/-ыг сонгож байв. Гэтэл сонгуульт дөрвөн жилийн хугацаа дуусахад тэд МАХН-ынхнаас нүүр буруулж, “Ардчилсан холбоо” эвслийн нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэлээ. УИХ-ын 2000 оны сонгуулиар Т.Ганди, Р.Амарсайхан, Р.Гаваа нар МАХН-аас сонгогдов. МАХН-ынхан парламентын 76 суудлаас 72-ыг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулж байлаа. УИХ-ын 2004 оны сонгуулийн үеэр Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн МАХН-ын гишүүн Т.Ганди, “Эх орон-Ардчилал” эвслийн Х.Хулан нарын дунд маргаан үүссэн юм. Тухайн үед “Төмөр хатагтай” гэгдэх Т.Ганди сонгуулийн үеэр санал хураалтын дүнг луйвардан гарч ирсэн гэх мэдээлэл анхаарал татаж байв. Т.Гандиг “Цагдаагийн 801 дүгээр ангийн арын задгай гэсэн хаягтай хүмүүст 5000 төгрөг тараасан. Түүнчлэн санал хураасан өдөр цагдаагийн 801 дүгээр анги дээрх сонгуулийн хэсгийн дарга, дүүргийн цэргийн хэлтсийн дарга хурандаа хажуугийн цэргийн ангийн даргад нэг сая төгрөг өгч, 110 цэргийг авчирч саналыг нь авсны дүнд “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшигч Х.Хуланг ялсан” хэмээн шуугисан юм. Үүнээс өмнө сонгуулийн тойргийн хорооныхон “Холбогдох материалаа бүрдүүлээгүй” гэх шалтгаанаар Х.Хуланд нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзаж байв. Ийнхүү эмэгтэй улстөрчдийн “дайн” Т.Гандигийн ялалтаар өндөрлөсөн билээ. Харин эрчүүдийн тулаан сонирхолтойгоор эхэлсэн. Энэхүү тулааны гол дүрд УИХ-ын 2004 оны сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшигч С.Отгонбаяр, МАХН-аас нэр дэвшсэн Ж.Гүррагчаа нар тоглолоо. Сонгуулийн ерөнхий хороо “УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт Ж.Гүррагчаа яллаа” гэж мэдээлсний дараахан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд жагсаал болов. Тэр үед Баянзүрх дүүргийн иргэд “Илт давуу байдлаар С.Отгонбаяр ялалт байгуулж байсан. Гэтэл яагаад сонгуулийн дүн өөр гарав” хэмээсэн. Гэсэн хэдий ч Сонгуулийн ерөнхий хороо нэгэнт дүнгээ гаргасан учир Ж.Гүррагчааг УИХ-ын гишүүн хэмээн хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт Баянзүрхийнхэнд үлдээгүй. Ингээд хоёр мандатыг нь МАХН-ынхан өвөртөлсөн бол гурав дахь мандатыг нь “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшсэн Д.Ганхуяг авав.  
УИХ-ын 2008 оны сонгууль. Дуулиан, шуугиан, маргаан, мэтгэл­цээн дүүрэн сонгууль гэж тодорхойлж болно. Баянзүрх дүүргийн хувьд ч ялгаагүй. Тус дүүргийнхний итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон гишүүд бол Ч.Сайханбилэг, Д.Ган­хуяг, Ц.Батбаяр, З.Алтай нар юм. Тэдний өрсөлдөгч нь “Эх орон” намаас нэр дэвшсэн С.Отгонбаяр, “Иргэний эвсэл”-ийн Ж.Батзандан, Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Мөнхтуяа, И.Нарантуяа, МАХН-аас Т.Ганди нар байлаа. Сонгуулийн үеэр С.Отгонбаяр “Намын­хаа тугийг хатгасан айл бүрт мөнгө өгнө” хэмээсэн. Тэгээд тугаа хатгуулчихаад яг сонгууль болохын өмнөх шөнө нууцаар тугаа авчихаад амласан мөнгөө хүмүүст өгөөгүй гэдэг юм билээ. Ийм байсан болоод ч тэр үү сонгогчид нь түүнийг сонгохоос татгалзав. Харин ганц дайчин ганцаардахгүй гэгчээр том намын нэр дэвшигчдийг ялж чадсан хүн бол З.Алтай. Тэрбээр сонгуулийнхаа сурталчилгааг хийх үедээ “Би парламентын танхимд орох юм бол бузар, булхайг нь дэлгэнэ” гэсэн нь хүмүүст хүрсэн болов уу. Ц.Батбаяр гишүүний тухайд “Баянзүрх дүүргийнхнийг орон сууц­жуулна” хэмээн том дуугарч байлаа. УИХ дахь Ардчилсан намын бүл­гийн дарга Ч.Сайханбилэгийн хувьд “Дэлхийг хэрсэн интернэтээр Монголыг хөгжүүлнэ” гэв. Сонгуу­лийн өмнөхөн Монголын Ногоон нам, Иргэний хөдөлгөөний намтай хамтран “Иргэний эвсэл” болж орол­цохоо мэдэгдэв. “Иргэний эвсэл”-ээс нэр дэвшсэн Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт нэр хүндтэй байсан боловч харамсалтай нь ялагдал хүлээсэн. Үүнийг нь тойргийнхондоо есийн тос тарааснаас үүдэлтэй гэдэг юм билээ. Мөн тойргийн хороо руу дайрч орон, 600 гаруй хүний саналын хуудсыг авч зугтсан хэмээн шалгуулж байв. Ямартай ч Баянзүрх дүүрэгт сонгууль нэлээд халуун бас сонирхолтой өрнөдөг. Харин ирэх сонгуулиар ч ийм байдал үүсэхгүй гэх баталгаагүй. Өөрөөр хэлбэл, мандатын тоо цөөрч, нэр дэвшигчдийн тоо олон болсон учир маргаан үүсэх нь ойлгомжтой биз ээ. УИХ-ын гишүүн Д.Арвин Хэнтий аймгийг орхиж, Баянзүрхэд нэр дэвшихээр горилж буй. Мөн тус дүүргийн Засаг дарга Б.Батзориг сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хэдийнэ хангасан гэх яриа бий. Үүгээр ч зогсохгүй нэлээд нэр хүндтэй яваа гэдэг. Тэгэхээр УИХ-ын 2012 оны сонгууль маш өрсөлдөөнтэй болох нь.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж