Хоёр сайдын “хэлэлцээр” агентлаг хоорондын маргааныг таслав

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Хоёр сайдын “хэлэлцээр” агентлаг хоорондын маргааныг таслав

Ашигт малтмалын тухай хуу­лийн 49 дүгээр зүйл буюу “Тусгай зөвшөөрөл  шилжүүлэх” гэсэн хэсгийг Ашигт малтмалын газар болон Тат­варын ерөнхий газрынхан өөр өөрсдийн ойлголтоор дагаж мөрддөг байснаас болж тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа иргэд болон аж ахуйн нэгжүүд хохирох тохиолдол нэлээд гардаг байсан. Тодруулбал уг хуулийн 49.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын та­лаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тог­тоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно”.  49.3-т “Ашиглалтын тусгай зөв­шөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тог­тоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэм­шилд байсан тусгай зөвшөөрлийг ху­далдан авагчид нь шилжүүлж бол­но” гэсэн заалтуудын “зохих ал­бан татвар төлсөн нь баримтаар нот­­логдсон тохиолдолд” гэсэн ойл­голтыг дээрх хоёр байгууллага хам­­тарч хэрэгжүүлээгүйгээс болж ир­гэд, аж ахуйн нэгж төлөх ёстой татвар дээрээ алданги нэмж төлөх эрс­дэлтэй тулгардаг байсан юм. Тиймээс энэ асуудлыг цэгцлэхээр дээрх хоёр бай­гууллагаас ажлын хэсэг гарч нэг жил хэртэй ажилласан боловч олиг­той үр дүн гаргаж чадалгүй байсаар оны өмнөхөн уг асуудлыг Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарын түвшинд ярьж, нэг тийш нь болгон журам боловсруулсан байна.

Энэ талаар Тат­варын ерөнхий газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга О.Тэнгистэй ярилц­сан юм.

-Ашигт малтмалын тухай хуу­лийн 49.2,3-ыг Ашигт матлтмалын газар болон танай байгууллага өөр өөрсдийнхөөрөө ойлгож хэрэг­жүүлдэг байснаас болж тусгай зөв­шөөрөл шижлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд багагүй хүнд­рэл үүсдэг байсан. Үүнийг нэг ёсондоо төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажилладаг байдлаас болж үүсдэг байсан асуудал гэж болох байх?

-Тусгай зөвшөөрөл шилжүүлэх, худалдахад Ашигт малтмалын газрынхан тухайн тусгай зөвшөөр­лийг худалдаж байгаа үнийн дүн­гийн 5-10 хувийг аваад л шил­жүүлэг хийгээд өгчихдөг байсан. Гэтэл хуулийн дагуу бол төлбөл зохих татварыг тодорхойлдог ганц­хан байгууллага нь Татварын алба байдаг. Тиймээс “Ашигт малт­малын тухай хуулийн 49.2,3-ыг хэрэгжүүлэхийн тулд Татварын ал­банаас тодорхойлолт авах ёстой” гэдэг саналыг Ашигт малтмалын га­зарт бидний зүгээс тавьж байсан. То­дорхойлолтоор татвараа төлсөн бол тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд асуудал үүсэхгүй гэдгийг ч сануулсан. Гэтэл Ашигт малтмалын газрынхан “Татварын албаны тодор­хойлолтыг үндэслэнэ гэдэг нь ма­найх бие дааж шийдвэр гаргаж чадахгүй татварын албанаас хараат болно” гэх асуудлыг тавьдаг байлаа. Зүй нь тус­гай зөвшөөрлийн наймаа хийхэд ганц нэг байгууллагын эрх ашгийн асуудал биш Монгол Улсын эрх ашиг хөндөгдөж байдаг. Татвар авах нь хараат болно гэсэн үг биш гэж манай хоёр байгууллага мэдээлэл солилцох журмаа гаргаж чадахгүй гацчихаад байсан юм. Тиймээс үүнийг төрийн байгууллагын уялдаа хол­боо муу байсны илрэл гэж хэлж болох юм. Гэхдээ оны өмнөхөн энэ асуудлыг салбарын сайд нарын түв­шинд хэлэлцэж асуудлыг нэг тийш болгосон.

-Хэрхэн шийдсэн гэж?

-Хуулийн дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэж байгаа тохиолдолд зохих ёсны татвараа төлсөн эсэхийг нь Татварын албанаас лавлагаагаар тодорхойлсны үндсэн дээр шилжүүл­гийг хийхээр болсон. Үүнийг  холбогдох журмаар зохицуулахаар боллоо.

-Тэгвэл Ашигт малтмалын ту­хай хуулийн 49 дүгээр зүйлийг журам гаргахаас өмнө хэрэгжүүлдэггүй байсан юм уу?

-Яг тэгж хэлж болохгүй л дээ. Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг төрийн хоёр агентлаг өөрс­дийнхөөрөө ойлгож хэрэгжүүлдэг байсан. Мэдээж Ашигт малтмалын газар болон Татварын албад энэ­хүү заалтыг өөрсдийнхөөрөө хэрэг­жүүлж байснаас болж татвар төлөгчид хохирч байсан. Яагаад гэвэл тухайн иргэн, аж ахуйн нэгж тусгай зөв­шөөрлөө шилжүүлэхдээ Ашигт малтмалын газрынхны шаардаж бай­гаагаар 5-10 хувийн шимтгэл төлдөг байсан. Гэтэл үүний дараа Татварын албанаас “татвараа бүрэн төлөөгүй байна” гээд акт гаргаж, алданги тооцдог. Ийм жишээнээс үүдэлтэй олон тэрбум төгрөгийн акт гаргаж байсан. Уг нь төрийн агентлагууд хуулийн заалтыг зөв ойл­гоод хоорондоо ойлголцож ажилласан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Нөгөөтэйгүүр тухайн үед нь төлөх ёстой татварыг нь авч чадаагүйгээс Монгол Улс ч хохирч байсан шүү дээ. Одоо ийм асуудал гарахгүйгээр журамд тусгасан байгаа.

-Тусгай зөвшөөрөл шилжүү­лэхэд төлбөл зохих татварыг нуун дарагдуулах тохиолдол хэр гардаг вэ?

-Олон Улсын Хөрөнгийн биржүү­дэд бүртгэлтэй “Листэт” компани гэж нэрлэгддэг компаниуд Монгол Ул­сад ашигт малтмалын тусгай зөв­шөөрлийг худалдаж авах нь сүүлийн үед ихэссэн байна. Уг компаниуд тусгай зөвшөөрөл худалдаж авахдаа 30 хувийнхаа татварыг Татварын ал­банд шилжүүлдэг. Энэ нь тухайн компаниудын нийгмийн соёлын нэг тод жишээ. Соёлоос гадна тусгай зөвшөөрлөө өөрсдийн компанийн нэр дээр хууль ёсны дагуу бүртгүүлж буй нэг хэлбэр юм. Энэ нь хожим учрах эрсдлүүд буюу тусгай зөвшөөрлөө буцаах, маргаан үүсэх зэргээс өөрсдийг нь хуулийн дагуу хамгаалж байдаг. Ихэвч­лэн хятадын хөрөнгө оруу­лалт­тай компаниуд тусгай зөв­шөө­рөл шилжүүлэхдээ тусгай зөв­шөөрөл худалдаагүй, худалдаж аваа­гүй мэдээлэл л зарсан, авсан гэх нэрийдлээр 10 хувийн татвар төлсөн болоод өнгөрдөг тохиолдол бий. Ингэснээр дараа нь өөрсдөө 30 хувийн татвар дээр нь хүү, алдангитай төлүүлэх үндэслэл болдог. Мэдээлэл худалдах, худал­даж авах нэрийдлээр татвараас зайлс­хийх нь үндсэндээ явуургүй арга л даа. Тэртэй тэргүй үүнийг нь тат­варын маргаан таслах зөвлөл шүү­хийн шатанд “эрх борлуулсан” гэдэг үндэслэлээр дахин татвар ногдуулна шүү дээ. Гэтэл манайхан үүнийг тат­вараас зайлсхийх амархан арга гэж ташаа ойлгосноос болж өөрсдөө хохирч байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж