Энэ талаар Татварын ерөнхий газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга О.Тэнгистэй ярилцсан юм.
-Ашигт малтмалын тухай хуулийн 49.2,3-ыг Ашигт матлтмалын газар болон танай байгууллага өөр өөрсдийнхөөрөө ойлгож хэрэгжүүлдэг байснаас болж тусгай зөвшөөрөл шижлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд багагүй хүндрэл үүсдэг байсан. Үүнийг нэг ёсондоо төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажилладаг байдлаас болж үүсдэг байсан асуудал гэж болох байх?
-Тусгай зөвшөөрөл шилжүүлэх, худалдахад Ашигт малтмалын газрынхан тухайн тусгай зөвшөөрлийг худалдаж байгаа үнийн дүнгийн 5-10 хувийг аваад л шилжүүлэг хийгээд өгчихдөг байсан. Гэтэл хуулийн дагуу бол төлбөл зохих татварыг тодорхойлдог ганцхан байгууллага нь Татварын алба байдаг. Тиймээс “Ашигт малтмалын тухай хуулийн 49.2,3-ыг хэрэгжүүлэхийн тулд Татварын албанаас тодорхойлолт авах ёстой” гэдэг саналыг Ашигт малтмалын газарт бидний зүгээс тавьж байсан. Тодорхойлолтоор татвараа төлсөн бол тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд асуудал үүсэхгүй гэдгийг ч сануулсан. Гэтэл Ашигт малтмалын газрынхан “Татварын албаны тодорхойлолтыг үндэслэнэ гэдэг нь манайх бие дааж шийдвэр гаргаж чадахгүй татварын албанаас хараат болно” гэх асуудлыг тавьдаг байлаа. Зүй нь тусгай зөвшөөрлийн наймаа хийхэд ганц нэг байгууллагын эрх ашгийн асуудал биш Монгол Улсын эрх ашиг хөндөгдөж байдаг. Татвар авах нь хараат болно гэсэн үг биш гэж манай хоёр байгууллага мэдээлэл солилцох журмаа гаргаж чадахгүй гацчихаад байсан юм. Тиймээс үүнийг төрийн байгууллагын уялдаа холбоо муу байсны илрэл гэж хэлж болох юм. Гэхдээ оны өмнөхөн энэ асуудлыг салбарын сайд нарын түвшинд хэлэлцэж асуудлыг нэг тийш болгосон.
-Хэрхэн шийдсэн гэж?
-Хуулийн дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэж байгаа тохиолдолд зохих ёсны татвараа төлсөн эсэхийг нь Татварын албанаас лавлагаагаар тодорхойлсны үндсэн дээр шилжүүлгийг хийхээр болсон. Үүнийг холбогдох журмаар зохицуулахаар боллоо.
-Тэгвэл Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг журам гаргахаас өмнө хэрэгжүүлдэггүй байсан юм уу?
-Яг тэгж хэлж болохгүй л дээ. Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг төрийн хоёр агентлаг өөрсдийнхөөрөө ойлгож хэрэгжүүлдэг байсан. Мэдээж Ашигт малтмалын газар болон Татварын албад энэхүү заалтыг өөрсдийнхөөрөө хэрэгжүүлж байснаас болж татвар төлөгчид хохирч байсан. Яагаад гэвэл тухайн иргэн, аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлөө шилжүүлэхдээ Ашигт малтмалын газрынхны шаардаж байгаагаар 5-10 хувийн шимтгэл төлдөг байсан. Гэтэл үүний дараа Татварын албанаас “татвараа бүрэн төлөөгүй байна” гээд акт гаргаж, алданги тооцдог. Ийм жишээнээс үүдэлтэй олон тэрбум төгрөгийн акт гаргаж байсан. Уг нь төрийн агентлагууд хуулийн заалтыг зөв ойлгоод хоорондоо ойлголцож ажилласан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Нөгөөтэйгүүр тухайн үед нь төлөх ёстой татварыг нь авч чадаагүйгээс Монгол Улс ч хохирч байсан шүү дээ. Одоо ийм асуудал гарахгүйгээр журамд тусгасан байгаа.
-Тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд төлбөл зохих татварыг нуун дарагдуулах тохиолдол хэр гардаг вэ?
-Олон Улсын Хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй “Листэт” компани гэж нэрлэгддэг компаниуд Монгол Улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдаж авах нь сүүлийн үед ихэссэн байна. Уг компаниуд тусгай зөвшөөрөл худалдаж авахдаа 30 хувийнхаа татварыг Татварын албанд шилжүүлдэг. Энэ нь тухайн компаниудын нийгмийн соёлын нэг тод жишээ. Соёлоос гадна тусгай зөвшөөрлөө өөрсдийн компанийн нэр дээр хууль ёсны дагуу бүртгүүлж буй нэг хэлбэр юм. Энэ нь хожим учрах эрсдлүүд буюу тусгай зөвшөөрлөө буцаах, маргаан үүсэх зэргээс өөрсдийг нь хуулийн дагуу хамгаалж байдаг. Ихэвчлэн хятадын хөрөнгө оруулалттай компаниуд тусгай зөвшөөрөл шилжүүлэхдээ тусгай зөвшөөрөл худалдаагүй, худалдаж аваагүй мэдээлэл л зарсан, авсан гэх нэрийдлээр 10 хувийн татвар төлсөн болоод өнгөрдөг тохиолдол бий. Ингэснээр дараа нь өөрсдөө 30 хувийн татвар дээр нь хүү, алдангитай төлүүлэх үндэслэл болдог. Мэдээлэл худалдах, худалдаж авах нэрийдлээр татвараас зайлсхийх нь үндсэндээ явуургүй арга л даа. Тэртэй тэргүй үүнийг нь татварын маргаан таслах зөвлөл шүүхийн шатанд “эрх борлуулсан” гэдэг үндэслэлээр дахин татвар ногдуулна шүү дээ. Гэтэл манайхан үүнийг татвараас зайлсхийх амархан арга гэж ташаа ойлгосноос болж өөрсдөө хохирч байна.
"Улс төрийн тойм" сонин