Бөөгийн бизнес төрийн зохицуулалт нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Бөөгийн бизнес төрийн зохицуулалт нэхэж байна

БӨӨГИЙН БИЗНЕСИЙН ХОХИРОГЧИД ИХЭССЭН НЬ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ НЭХЭЖ ЭХЭЛЛЭЭ

“Одоогоос 40-100 мянган жилийн тэртээгээс бөөгийн шашны суурь анх тавьсан” хэмээн шашин судлаачид үздэг аж. Бөөг монголчуудын эртний шүтлэг, мөргөл, зан үйлийг хадгалагч, сайн сайхан амьдралыг бэлэглэгч, хэмээн ихэд хүндлэн биширдэг. Бас энэ яваа насны тань гай барцдыг арилгах увидастай гэнэ. Гэтэл бидний энэ их хүндлэл, сүсэг бишрэл бөө нарт гай болсон бололтой. Бүр сүүлдээ тэдэнд сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад  амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэхмэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж. Гэхдээ тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа цөмийг нь хэлж байгаа юм биш. Тэдний дотор бөөгийн нэрийг зүй бусаар  барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ­лэх гэсэн юм. Хоёр он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 24-ний үүрийн 04:00 цагт Э.Мөнхбат гэх зайран Сэлэнгэ аймгийн Баянгол суманд машин дэлбэлсэн хэрэг үйлджээ. Уг дэлбэлсэн машиных нь эзэн Ж.Баярсайхан сумандаа хувиараа бизнес эрхэлдэг нэгэн аж. Зайран Э.Мөнхбат Ж.Баярсайханд “Жилийн заслаа хийлгэхэд төдөн төгрөг авчир” гэхэд нэхсэн мөнгийг нь өгөөгүйн улмаас ийнхүү машиныг нь дэлбэлсэн гэнэ. Энэ талаар Баянгол  сумын Цагдаагийн Эрүүгийн мөрдөн байцаах тасгийн дарга н.Бат­хуяг “Тийм хэрэг гарсан нь үнэн. Одоогоор мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Манай тасаг болон Мандал сумын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагтай энэ хэргийг хамтран шалгаж байгаа. Ирэх долоо хоног гэхэд хэргийг эцэслэн шийднэ. Хэргийн эцсийн шийд гара­хаас нааш илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. Дашрамд дурьдахад Э.Мөнхбат өнгөрсөн оны наймдугаар сард бөө болсон юм байна. Энэмэтчилэн сүүлийн хоёр жил бөөтэй холбоотой хэрэг улам ихсэх болжээ. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард Түлэнхийн төвд ууранд түлэгдсэн нэгэн эмэгтэй ирж нэлээд хэдэн хоног эмчлүүлжээ. Энэ талаар тус төвийн их эмч, Нөхөн сэргээх тасгийн эрхлэгч  Б.Хишигжаргал “Манай эмнэлэгт энэ эмэгтэй 20-оод хоног эмчлүүлсэн. Тэрбээр, анх би буцалсан усан дээр халтирч унаад түлэгдчихсэн гэдэг байсан. Харин өөд болохынхоо өмнөхөн надад “Багш онгод  оруулах гээд халуун ууранд оруулж дээрээс битүү даавуугаар хучаад дарж байгаад түлчихсэн юм. Би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй” гэсэн. Ер нь монголчуудын бүдүүлэг зан үйл үүнд нөлөөлдөг. Эрдэм чадал муутай “хулгайн” бөө нар ингэж нэгийгээ амьдаар нь хөнөөж байгаа юм. Үүнд төрийн зохицуулалт хэрэгтэй” хэмээн ярив. Өнгөрсөн онд бөөтэй холбоотой дөрвөн том хэрэг гарчээ. Дархан-Уул аймагт 23 орчим насны зайран болоод удаагүй С хэмээх залуу эмэгтэй Б-г барьцаалан миний эхнэр бол, эс тэгвэл хоёулаа тэнгэрийн зарлигаар үхье гээд гарынх нь судсыг боож байхад охины ар гэрийнхэн нь олж цагдаад мэдэгдсэн тохиолдол гарсан. Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон гэнэ. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэсэн байдаг. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болж Улмаар сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй.

Ш.Сүхбат : ХҮЧИРХЭГ ТЭНГЭРҮҮД ЭНЭ ОНД БУУЖ ИРЖ, ЗУУРДЫН БӨӨ НАРЫГ ЦЭВЭРЛЭНЭ

Бөөтэй  холбоотой зарим асуудлын талаар Азийн бөөгийн Тив дэлхий холбооны ерөнхийлөгч, Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн Ш.Сүхбат ийн хэлж байна.
Бид зөвхөн хөндлөнгөөс хяналт тавих үүрэгтэй. Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Миний бодлоор үүнд төрийн зохицуулалт дутагдаж байна. Шашны тухай хуулийн  заалт хүртэл хоцрогдчихсон. Үүнийг даруй шинэчлэх хэрэгтэй байна. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй дархан бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ. Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Энэ онд хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно. 

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж