Энэ удаагийн сонгуульд оролцохын тулд нам дотроо Хиллари Клинтон Б.Обаматай өрсөлдөхөөс татгалзаж, түүнийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Харин Ардчилсан намаас Рэндэл Терри сонгуулийн сунгаанд оролцохоор болж байв. Гэхдээ өдгөө 52 настай түүнийг дэмжигчдийн тоо Б.Обамагийнхаас харьцангуй бага гарсан. Тиймээс АНУ-ын хэвлэлүүд Ардчилсан намаас нэр дэвших хүн бол Б.Обама гэдэгт маргах аргагүй тухай мэдээлж байна. Харин Бүгд найрамдах намаас хэн Б.Обаматай өрсөлдөх бол гэх асуулт хамгийн их сонирхол татаж байгаа юм. Үүнд олон хүний нэр гарчээ. Массачусет мужийн амбан захирагч асан Митт Ромни, Конгрессын гишүүн Рон Паул, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ньют Гингрич, Майкл Макман зэргээр жагсаалт хөвөрнө. Гэхдээ урьдчилсан судалгаагаар М.Ромни, Р.Паул нарын нэр хүнд сайн байгааг харуулжээ.
М.Ромни АНУ-ын Ерөнхийлөгчийн 2008 оны сонгуульд мөн л нэр дэвшиж байв. Гэхдээ тухайн үед Жон МакКэйнд ялагдсан юм. Өмнө нь 2002 оны өвлийн олимпийн наадмыг Салт Лэйк хотод зохион байгуулах үед бүтээн байгуулалтын ажилд оролцох хөрөнгө оруулагчдыг сонгохтой холбоотой маргааны эзэн болж байсан. Гэхдээ бизнесмэн гэдэг утгаараа ажлын байр нэмэгдүүлэх асуудалд Б.Обамагаас илүү туршлагатай ч байж болох. Тэрбээр сонгуулийн сурталчилгаанд зориулж энэ онд 190-250 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хамгийн баян нь. Ямартай ч өөрийгөө жинхэнэ консерватив үзэлтэй хэмээн тунхаглаж байгаа түүний нам доторх гол өрсөлдөгч нь Р.Паул. Тэрбээр “Tea Party” буюу “Цайны нам” хэмээх хөдөлгөөний загалмайлсан эцэг гэж нэрлэгддэг. Засгийн газрын зардлыг багасгаж, иргэдэд ялгаатай татвар ногдуулахыг дэмжих, улсын өр болон төсвийн алдагдлыг бууруулахын тулд олон хүнийг эгнээндээ нэгтгэсэн “Tea Party” хөдөлгөөн АНУ-д 2009 оны эцсээр нэлээд хүчээ авсан юм. Яг л одоогийн “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөнтэй төстэй. Түүнчлэн либертари үзэлтэй Р.Паулын хувьд АНУ-ыг гадны орнуудад тусламж үзүүлж, бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцон цэргийн ажиллагаа явуулахын эсэргүүцдэг аж. Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн хэн, хэн нь хүчтэй улстөрчид бололтой. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, “Хятадын компаниудыг зах зээлээсээ шахна” хэмээн том амлаж байсан Дональд Трамп гэнэтхэн “Бизнесмэн байх нь илүү сонирхолтой ажил юм байна” гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Б.Обама Ерөнхийлөгч байх хугацаан дахь АНУ-ын ажил эрхлэлтийн түвшин Жорж Буш, Билл Клинтон, Рональд Рейган нарынхаас доогуур гарсан. Тиймээс эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд Б.Обамагийн ялалтад саад болж мэднэ. “Wall Street Journal”-аас явуулсан судалгаанд оролцсон арван хүн тутмын гурав нь “АНУ дэлхийд тэргүүлэгч гүрний байр сууриа ойрын 20 жилийн дотор Хятадад алдана” хэмээн найдаж буйгаа хэлжээ. Гэхдээ бүх зүйл Б.Обамагийн эсрэг чиглэсэнгүй. Судалгаагаар америкчууд Б.Обама болон түүний Ардчилсан нам гэхээс илүү Бүгд найрамдах намынханд төдийлөн таатай хандахгүй байгаа нь харагдсан байна. Тэгээд ч Б.Обамагийн хувьд Ирак, Афганистаны дайныг эцэслэж, есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг зохион байгуулсан “Аль-Кайда” бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладенг устгасан, татвар, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилсэн гэх мэт олон өөрчлөлтийг хийсэн. Өмнөх сонгуульд оролцож байх үедээ “Өөрчлөлт” гэх үгэн дээр тоглож, энэ үгээр имижээ тодорхойлон гарч ирсэн Б.Обама үнэхээр тодорхой зүйлийг өөрчилж чадсан гэхэд болно. Ямартай ч ингээд АНУ-д сонгуулийн жил эхэллээ.
“Bloomberg”-ийн шинжээчдийн тооцож буйгаар энэ жил АНУ-ын телевизээр дамжуулах сонгуулийн сурталчилгааны нийт өртөг өнгөрсөн оныхоос 9-18 хувиар нэмэгдэх бололтой. Барак Обама өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 2012 оны сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлснээс хойш кампанит ажлаа эхэлсэн. Энэ онд зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгчийн төдийгүй Конгрессын сонгууль ч бас болох юм. Тиймээс сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа 2011 онд АНУ-д улс төрийн шинжтэй зар сурталчилгааны үнэ, тариф эрс өссөн байна.
Энэ оны хувьд нэлээд олон оронд Төрийн тэргүүнээ сонгох сонгууль болох юм. Түүний тоонд АНУ, ОХУ, Франц, Өмнөд Солонгос, Финланд, Энэтхэг, Тайвань, Венесуэл зэрэг улс багтаж байна. Үүнээс ирэх гуравдугаар сарын 4-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд анхаарал татаж байгаа. Учир нь улс төрийн бүхий л эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн В.Путинийг эсэргүүцэгчид олширсон учраас тэр. Түүнчлэн дээрх орнуудаас гадна Хятадын Коммунист намын Улс төрийн товчоо шинэчлэгдэж, тус улсын даргаар шинэ хүн томилогдохоор болсон. Хойд Солонгосыг залуухан удирдагч нь мэдэлдээ авч, Евро бүсийн орнуудын төр, засгийн тэргүүн нар хямралаас болж солигдчихоод байгаа билээ.
"Улс төрийн тойм" сонин