АН-ын бүлэг хуралд оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралд оролцсонгүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцсонгүй. Тус намын бүлэг ээлжит хуралдаанаараа дээрх төслийг хэлэлцээд дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс байнгын хорооны хуралд оролцоогүй юм байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ардчилсан намын бүлгийн гишүүдийг хуралдаа оролцоогүйд шүүмжлэлтэй хандаж, Үндэсний эрх ашигт нийцсэн хууль хэлэлцэх болохоор тус намын бүлэг дандаа ингэж бойкот хийдэг. Засагт орж хамтрах, сайдын суудалд суух болохоор хуралд оролцдог” гэдэг үгийг ч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлээд авлаа. Харин УИХ-ын гишүүн З.Алтай “Сонгууль дөхөхөөр МАН-ын бүлгийнхэн дандаа ингэж ард түмэндээ мөнгө амлаж, шогтдог. Энэ чинь хүнд залхууг сургахаас өөр юуг ч хийж сургахгүй. Хэдэн жил танай намын бүлэг иргэдийг ингэж хуурсан билээ. Дахиад амлалт өгч байна. Энэ чинь УИХ-ын сонгуулиар улстөрийн хүчин, нам эвсэл амлалт өгөхгүй гэсэн заалтыг зөрчиж байна” гэж хэлж, төслийг дэмжихгүй байгаагаа мэдэгдээд хуралдааныг орхисон юм. Ингэснээр танхимд ердөө УИХ дахь МАН-ын бүлгийн тавхан гишүүн үлдсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол, Д.Дондог, Ч.Улаан, С.Бямбацогт нарын гишүүд хоцорсон. Байнгын хорооны дарга Д.Очирбатыг нэмбэл ердөө зургуулаа.

Санал хэлэх шатанд МАН-ын бүлгийн гишүүд төслөө хамгаалж, “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Монголын үрс маш олон болох төсөл дээр яагаад өрөөндөө шигдээд хаалгаа хаагаад суугаад байгаа юм бэ. Хүн амын зүйн бодлого дээр ингэж тээж хэвтэж болохгүй. Ер нь хамтарсан Засгийн газрыг байгуулахад бий болгосон гэрээгээ эргэн нягталж, тээж хэвтээд байгаа бүлгийнхэнд асуудлыг нь сануулах хэрэгтэй” гэж байлаа. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь зөвхөн Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл дээр шантааж хийгээд суугаад байгаа биш. Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг Засгийн газраас хоёр жилийн өмнө УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцэж эхэлсэн ч, өнөөг хүртэл хөдөлгөх боломжийг тус намын бүлэг олгохгүй байгаа. Тэр байтугай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль дээр 7-8 удаа Ардчилсан намын бүлэг завсарлага авч байсан. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл дээр мөн шантааж хийж байсан. Ингээд яривал нийгэм рүү, ард түмэн рүү хандсан асуудалд дандаа шантааж хийдэг” гэж мэдэгдсэн юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын тайлбараар бол Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж буйгаа илэрхийлж, УИХ-ын даргад төсөл өргөн мэдүүлээд байгаа гэнэ. Тэгтэл Ардчилсан намын бүлгийнх нь байж байгаа царай энэ” гэж хэллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс санаачилсан Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөлд зааснаар 3-аас дээш 0-16 насны хүүхэдтэй эхэд 70200, дөрвөөс дээш хүүхэдтэй бол 105300, 5-аас дээш хүүхэдтэй эхэд 140400, 6-гаас дээш хүүхэдтэй бол 175500, 7-гоос дээш хүүхэдтэй бол 210600, 8 ба түүнээс дээш хүүхэдтэй бол 280800 төгрөгийг сар тутамд олгож байхаар тусгасан юм. Жилдээ улсын төсөвт 30 тэрбум төгрөг суулгах шаардлага тулгарна. Энэ бол төсөвт нэг их ачаалал үүсгэхгүй гэж үзэж байна.

Ингээд Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг дэмжих эсэхээр санал хураалгахад хуралдаанд ердөө байнгын хорооны даргаа оруулаад зургаан гишүүн байсан ч, хүчээр санал хурааж, зургуулаа дэмжсэнээр энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтлоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж