УИХ-ын даалгаврыг биелүүлдэг нь чөлөөт хэвлэл биш

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын даалгаврыг биелүүлдэг нь чөлөөт хэвлэл биш

Нэг яриа байдаг даа. “Хийхгүй зүйл, чадахгүй юм байхгүй хүн” гэж. Энэ нь юм бүхнийг хийж чаддаг арван хуруу тэгш хүний тухай үг юм уу даа. Тэгвэл одоогийн УИХ-д хийхгүй, тушаахгүй, зөвлөхгүй зүйл үгүй болж. “Тэрийг тэгнэ. Энийг ингэнэ. Чи тэг” гэх болов. Хууль баталж, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал яалт ч үгүй мөн. Гэхдээ чухам хэнд үүрэг даалгавар өгөх эрхтэй гэдгээ тэр бүр мэдэхээ байжээ. УИХ-ын Тамгын газраас саяхан хэвлэл мэдээллийнхэнд зориулсан зөвлөмж гаргаж. Одоо түүнийгээ ширхэгчлэн тарааж байна. Тэрхүү зөвлөмж нь хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн үеэр чухам юуны талаар бичих, Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлж байгаад хяналт тавих тухай юм. Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд шинэчлэн баталсан. Хүчин төгөлдөр үйлчилж эхлээд дөрөв дэх хоногийнхоо нүүрийг үзэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Энэ хэвлэлийнхэн яаж ч мэднэ. Олигтойхон торгоё” гэсэн атлаа хэрхэн хэрэгжиж байгааг нь хянах болохоор хэвлэлийнхэн шиг хэрэгтэй хүн үгүй болсон гэнэ. Тиймээс ч хуулийн зарим заалтын биелэлтийг хангах чиглэлээр нийт сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим мэдээллийн хэрэгслийн удирдлагууд, редакци, сэтгүүлчдэд зөвлөмж хүргүүлсэн нь энэ.  Бас болоогүй. Зөвлөмжийнхөө оршилд “УИХ-ын сонгуулийн тухай хуулийг сонгогч олон түмэнд мэдээлж сурталчлах, 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн зарим заалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарлаж хүргэх шаардлагатай байна” гэсэн байв. Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудын нэр дээр хаяглан явуулсан энэхүү зөвлөмж нь эгээ л “Бидний баталсан хуулийг сурталчил. Хяналт тавь” гэсэн тушаал шиг сонсогдож байх чинь.

Чөлөөт хэвлэл. Энэ үгийн утга нь юу гээч. Чөлөөт хэвлэл, ашгийн төлөөх байгууллагад хэн ч үүрэг, даалгавар өгөх ёсгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэгч нь биш. УИХ-аас баталсан хууль хэрэгжиж байна уу, хэрэгжихгүй байна уу. Нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй Дорж, Дондог хоёр номоо тараана уу, аягаа тараана уу, бидэнд  огт хамаагүй. УИХ-аас ирүүлсэн зөвлөмжөөс үзвэл бид хуулийн 28 заалт хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах ёстой юм билээ. Тухайлбал, сонгогчдод бэлэн мөнгө, үнэ бүхий зүйл тарааж байгаа эсэхийг хянахаас гадна хэн хаана ямар арга хэмжээ зохион байгуулж, хэнтэй уулзаж байгааг ч мөрдөх ёстой. Иргэдийг амралт, сувилалд амрааж байгаа эсэх, ажлын байранд зуучилж, ажилд оруулж байгаа эсэхийг ч хянана. Бас нэр дэвшигчдийг хэн нэгэн хуулийн этгээд, гадаад улсын иргэнээс зөвлөгөө, тусламж авч байгаа үгүйг бид нягтлах учиртай. Тэр ч бүү хэл нэр дэвшигчид сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлалыг барилгын хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэгт нааж байгаа эсэхийг, оройн 23.00 цагаас дараа өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглаж байгаа үгүйг хэвлэл мэдээллийнхэн харж, хариулж байх ёстой ажээ. Ингэж ажиллахын тулд орон нутагт сурвалжлагч нараа томилж, нэр дэвших гэж байгаа хүмүүсийн ойр орчимд өөрийнхөө хүмүүсийг шургуулах хэрэгтэй бололтой. Бүр нэр дэвшигчид чухам хэдэн хуудас сурталчилгааны материал тарааж байгааг дагаж яваад тоолдог шинэ ажлын байр гаргахаас өөр аргагүй болох нь. Санадаг л санаа.

Ямар ч байсан УИХ-ын эрхэм гишүүд Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дарга А.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат нар ажлаа хүлээлгэж өгсөн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж уншсан байх. Харин шинэ он гарснаас хойш сонин, сэтгүүл, зурагт хуудас, үнэ бүхий зүйл тараасан хүн гарсангүй. Гэхдээ орон нутагт ажиллах сэтгүүлчээ хараахан томилоогүй байгаа учраас нүднээс далдуур болж байгаа зүйлийг анзааралгүй орхисон байж мэднэ. Өнгөрсөн оны сүүлчээр, хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа эхлэхээс өмнө нэр дэвшихээр санаархаж буй хүмүүс тойрогтоо очиж бэлэг сэлт тараасан тохиолдол гарсныг УИХ-ын гишүүд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй байгаа эрхмүүд орон нутагт ажиллах нь ажиллаж байгаа гэсэн шүү. Үүнийг анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ. УИХ-ын 2012 оны сонгууль ширүүхэн өрсөлдөөнтэй болох дүр зураг одооноос харагдаж эхэлсэн. Сонгууль болдгоороо болно. Харин Готов нь бэлэг тараана уу, Шадав нь чанга яригчаар ажлаа сурталчилна уу, бидэнд хамаа алга. Ажлаа л хийх минь.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж