Шинэ оны босгон дээр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг Засгийн газар шилгээчихэв. “Пөөх УИХ-д нэр дэвших нь” хэмээн зарим нь балиашиглаж ч шивэр авир хийлцээд авав. Тэр бол “ясны” дипломатч, Төрийн нарийн бичгийн даргын албыг ч “онц” дүнтэй хашиж байсан юм чинь гэнэт суудлаа суллах болсонд нь ингэж үймэхээс ч аргагүй. Гэвч Засгийн газар “Цогтоо даргыг өөр ажилд томилох болсонтой холбогдуулан ажлаас нь чөлөөлсөн” гэхсэн тайлбар хийсэн билээ. Манайдаа урдаа барьдаг дипломатчийг өөр ажилд томилно гэхээр нэг бол Гадаад харилцааны сайд, эс бол Ерөнхий сайд л болгож таарах байлаа. Гэвч тэрбээр төрөөс улс төр рүү урвах “гэнэн лидер” биш ажээ. Сураг сонсвол мань эр Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдож байгаа юм байна. Энэ талаар ч Д.Цогтбаатар арвин туршлагатай. Цэл залуу энэ эрхэм “насаараа” томчуудад зөвлөж яваа. Урьд нь Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан “VIP” ангиллын зөвлөх яах аргагүй мөн. Харин энэ удаа Ерөнхий сайд С.Батболд түүнийг “чангаажээ”. Гэхдээ энэ албан тушаалын ранг нэг л ойлгомжгүй байна. Уг нь дэд сайдын статустай гэх. Гэвч “Урбанек”-ийн Б.Лхагважав, Хүний эрхийн хуульч М.Ичинноров нартай эн зэрэгцээд ч байх шиг. За, аль нь ч байлаа гэсэн тэрбээр “Престиж зөвлөх” гэдгээ дахин нотоллоо.
У.Оргилмаа