Сонгуулийн жил албан ёсоор эхэллээ. Улс төрийн шинэ газрын зураг ч тодорхой болов. УИХ-аас баталсан хуулийн дагуу улстөрчид мажоритари давамгайлсан 48:28 гэсэн хувилбараар хот, хөдөөд өрсөлдөнө. Харин лидерүүд 48, төрийн албанаас чөлөөлөгдсөн нөхөд, бас гурав, дөрөвдүгээр эгнээний хүмүүс намын нэрсийн жагсаалтын дагуу 28-д жагсах нь. Тэгвэл улс төрийн хуучин газрын зурагт ямагт час улаан өнгөөр тэмдэглэгддэг байсан Булган, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар аймаг дахь сонгуулийн тойрог тус бүр нэг мандаттай боллоо. УИХ-ын 2008 оны сонгуулиар улаан, цэнхрийг хослуулсан Баянхонгор, Дорнод аймаг ч ганцхан мандаттай болж “торгууллаа”. Тойргуудын мандатын тоо өмнө нь гурав, дөрөв байснаа нэг, хоёр болж цөөрсөнтэй холбоотойгоор нэр дэвшихээр зэхэж буй нөхдийн дунд ч хагарал үүсэж эхэлжээ. Гэхдээ тэдний олонхи нь “48-аас 28 руу шилжлээ гэхэд босго оноогоороо УИХ-ын гишүүний мандаттай болох боломжтой” хэмээн найдаж улс төрийн их тулаанд оролцохоор шийдсэн аж. Намын нэрээр төрийн албанд томилогдсон хүмүүс өнгөрсөн долоо хоногт ажлаа өглөө. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл нар Ардын намаас нэр дэвших “виз” авахаар горилж байгаа бол Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газрын дэд дарга А.Мөнхбат нар Ардчилсан намаас нэр дэвшигчийн эрх авахаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нь энэ.
Иргэний хөдөлгөөнөөс Ардчилсан нам, Ардчилсан намаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсон Ж.Батзандан “Энэ компанид би иргэдийнхээ эрх ашгийн төлөө их зүйл хийсэн. Хэрүүл зарга хийснийхээ хүчинд хүн бүрт хувьцаа хүртээлгэхээр боллоо. Зорьсноо ч биелүүллээ. Тийм учраас ажлаа өгч, сонгуульд нэр дэвшинэ” гэсээр их сунгаанд өрсөлдөхөө мэдэгдлээ. Хөдөө аж ахуйн их сургуулийн проректор А.Бакей ч бас эрдмийн ажлаа түр хойш тавьж, улс төрийн их тулаанд оролцохоор албанаасаа чөлөөлөгдсөн байна. Хамгийн сонирхолтой нь дээрх эрхмүүдээс дөрөв нь нэг намаас нэг аймагт хоёр, хоёроороо нэр дэвшиж өөр хоорондоо ч, өрөөл бусадтай ч өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, Д.Батхуяг, Л.Мөнхбаатар нар Ардын намаас Хөвсгөл аймагт нэр дэвшихээр кампанит ажлаа хэдийнэ эхэлсэн бол А.Бакей, А.Мурат нар алс баруун хязгаарт Ардчилсан намын тугийг мандуулахаар зэхэж байна. Гэхдээ Хөвсгөлд нэр дэвших эрх авахын төлөө зөөлөн сэнтийгээ тавьж өгсөн Д.Батхуяг, Л.Мөнхбаатар нарыг А.Бакей, А.Мурат хоёртой харьцуулбал асар их ялгаа бий. Учир нь Баян-Өлгийн хоёр эрхэм парламентад 2004-2008 онд ажиллаж байсан туршлагатай. Аймагтаа ч, намдаа ч нэр нөлөөтэй. Харин Хөвсгөл тийш хараа бэлчээсэн эрхмүүдийн хувьд улс төрийн бага гарын тоглогчид. Ардчилсан хүчнийхэнд ээлтэй байдаг хөвсгөлчүүд өмнөх сонгуулиудын үеэр УИХ-д дөрвөн төлөөлөл илгээдэг байсан бол 2012 онд ердөө хоёрхон хүнд л ялалтын сюрприз барих нь. Бүр тодруулбал, тус аймаг дөрөв биш, хоёр мандаттай болчихлоо. Харин хоёр мандаттай энэ тойрогт нэр дэвшихийн төлөө хэдэн хүн нам дотроо өрсөлдөнө гээч. УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ардын намын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон гэхмэтчилэн уртаас урт жагсаалт болно. Сонгуулийн тогтолцоог шинэчилж, тойргуудын мандатын тоог цөөлсөнтэй холбоотойгоор олон аймагт ийм байдал үүсчээ. Өвөрхангайг хар л даа. Өмнө нь дөрвөн мандаттай байсан тус аймаг хоёр мандаттай болжээ. УИХ дахь Өвөрхангайн төлөөллүүдээс Д.Лүндээжанцангаас бусад нь Ардчилсан намын гишүүд. Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд… Намдаа “Алтангадас”, Ардчилсан хүчний холбоо хэмээн хуваагддаг ч тэд сонгогдсон тойрогтоо бол нэг багийнхан. Харин тэдний харилцаа сүүлийн үед илт хөндийрөх болсон нь дөрвөн мандаттай тойрог нь хоёр мандаттай болсонтой холбоотой. Г.Батхүү, Д.Зоригт нар З.Энхболдыг сэм, сэмхэн орхиж, тойргийнхоо сонгогчидтой уулзах болсон нь Ардчилсан намд ихээхэн асуудал үүсгэх болсон аж. Ардын намд ч анхаарал татсан үйл явдал ихээхэн өрнөх боллоо. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Буд нар Сүхбаатар аймагт нэр дэвшин өрсөлдөж ямагт ялалт байгуулдаг байсан. Харин Сонгуулийн тухай шинэ хууль ёсоор тус аймаг хоёр биш, нэг мандаттай болчихлоо. Гэвч “Ч.Улаан, Р.Буд хоёрын хувь заяаг нам нь хэрхэн шийдэх болж байна вэ. Аль эсвэл мань хоёр өөр хоорондоо тохиролцох уу, тойрог сэлгэх үү” гэсэн асуултын хариуг олж ядан байх зуур уран дархчуудаараа алдартай энэ нутагт Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нэр дэвших болсон тухай сураг сонсогдож эхлэв. Харин нөгөө хоёр хэрхэх нь бүү мэд. Хэнтий аймгийг ч нэр дэвшихээр горилогсдын хэл ам тойрохгүй. Эх сурвалжуудын мэдээлснээр, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нарын аль нэг нь Хэнтий юмуу нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвших магадлалтай байна. Д.Арвины тухайд хашир туршлагатай улстөрч учраас намынхаа удирдлагуудын хандлага, горилогсдын амбицаас энэ бүхнийг эртхэн мэдэрч Баянзүрх дүүрэгт үе, үе зочлох болжээ. Хүү Д.Од нь ч ээжийнхээ ажилд тусалж, тус дүүрэгт “Залуус” сан байгуулав. Сонгуулийн шинэ газрын зурагт гурав биш, хоёр мандаттай болж тэмдэглэгдсэн Хэнтийд намууд ийнхүү дотоод, гадааддаа ихээхэн дажинтай байх нь ээ. Энэмэтчилэн Сонгуулийн тухай шинэ хууль улс төрийн намуудад урьдчилан тааварлашгүй нөхцөлийг үүсгэлээ. Ардын намынхан Булганаас сонгогдсон Э.Мөнх-Очир, Ц.Цэнгэл нарыг яая гэж байхад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, “Монполимет”-ын Ц.Гарамжав нар “Энэ бол миний төрсөн нутаг” хэмээн эрх баригч хүчин, бас энэ нутаг руу үүрэгт ажлаасаа ч илүү анхаарал хандуулж байна. Ямартай ч хориглосон заалт олонтой Сонгуулийн тухай хууль, цөөн мандат, нэг тойрогт багталцахгүй шахам олон горилогч Ардын нам болон Ардчилсан намд хямралын шинэ “вирус” тарааж эхэллээ. Харин тойргуудад ямар хуваарилалт хийх нь намуудын дарга нарын шийдвэрээс шалтгаална. Эрх баригч хүчнийхэн оны өмнөхөн Бага хурлын ээлжит хуралдаанаа хийж, “Хөгжлийн мод”-ыг сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө гол агуулга нь болгохоор шийдсэн бол Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг фракциудынхаа дайралтаас айсандаа Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хуралдааныг зарлаж чадахгүй байгаа. Ямартай ч зарим гишүүн нь “Манай нам энэ сарын 15-ны дотор Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахаар товлосон” гэдэг албан бус хариултыг өгч байна. Сонирхолтой нь “Сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийн хэнтэй нь ч нэр дэвшүүлэх тухай эцсийн тохиролцоог хийгээгүй” хэмээн Ардын нам, Ардчилсан намынхан мэдэгдлээ.
"Улс төрийн тойм" сонин