Ливид цэргийнхний хооронд мөргөлдөөн гарчээ. Триполи, Мисрата хотод болсон мөргөлдөөний үеэр дөрвөн хүн амиа алдсан байна. Тус улсын дотоод хэргийн яамны төлөөлөгч генерал Абдул Монем аль-Тунсийн мэдэгдсэнээр хурандаа Муаммар Каддафийн дэглэмийн үед тагнуулын төв газар байсан барилгыг хяналтандаа авах гэснээс болж дээрх мөргөлдөөн гарсан гэнэ. Ливид олон сар үргэлжилсэн иргэний дайн төгсгөл болсон ч дээрх шиг мөргөлдөөн эхний бас эцсийнх нь биш гэж албаны хүмүүс ярьжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Триполи хотын эмнэлэг рүү зэвсэгтэй этгээдүүд халдсан байна. Халдлагын үеэр суманд өртсөн хохирогч байгаагүй ч гэнэтийн цочролоос болж эмнэлгийн гурван ажилтан нас баржээ. Арванхоёрдугаар сард Ливийн шинэ Засгийн газар гал зогсоох тухай мэдэгдэл гаргаж, босогчдыг хууль хүчний байгууллагад зэвсгээ хураалгахыг уриалсан билээ. Ливийн дарангуйлагч агсан хурандаа Муаммар Каддафийг өнгөрсөн аравдугаар сард босогчид баривчлан амийг нь хөнөөсөн. Хэдийгээр Ливид түр Засгийн газар байгуулагдаж, улс төрийн хямрал намжсан ч дээрх шиг мөргөлдөөн үе үе гарсаар байгаа ажээ.
Н.Энх