“Барьцаалагдсан” захирал болзоондоо ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

“Барьцаалагдсан” захирал болзоондоо ирэх үү?

Канадын хөрөнгө оруу­лалттай уул уурхайн нэгэн компанийн захирлыг орчуу­лагчтай, жолооч нарын дөрвөн хүний хамт барьцаалсан хэрэг өчигдөр гарлаа. “South Gobi Sands” буюу “Өмнийн говийн элс” компани нь Монголд үйл ажиллагаа явуулаад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж буй, уул уурхайн салбартаа хэдийнэ танил болсон байгууллага билээ. Удирдлагын багийнхан нь тэр чигээрээ гаднынхан. Өндөр мэдлэг боловсролоороо гайхуулдаг тэдгээр эрхэм “хар ажил”-ыг нь гүйцэтгэж, олзонд нь ойртуулж өгдөг монголчуудаа дуртай үедээ бөөнөөр нь халж сольж байдаг нь удаа дараа шуугиан тарьж байсан. Эх нутагтаа “элэг бариулж” байгаадаа бухимдсан ажилчид энэ удаа шударга шаардлагаас нь бултан захирлаа отож байгаад машинтай нь барьцаалахаас аргагүйд хүрсэн бололтой. Ямартай ч монгол ажилчид нь гадаад захирлаа “барьцаалсан” үйл ажиллагаа төд удалгүй сарнихад хүрсэн юм. Үүнд цагдаагийнхны хүч оролцсон ч байж болзошгүй гэсэн хардлага. Харин холбогдох дүүргийн болон Цагдаагийн ерөнхий газрын ажилтнууд “Энэ талаар ямар нэг мэдээлэл цагдаагийн байгууллагад огт ирээгүй” гэцгээв. Гэвч монгол ажилчид тодорхой хэмжээний амжилтад хүрч  канад захиралтайгаа өнөөдөр өглөөний есөн цагт уулзахаар “болзжээ”. Урьд нь нэг бус удаа ажилчдаасаа “оргосон” мань захиралд хэцүү болзоондоо ирэх эсэхийг бүү мэд.

Сонирхолтой нь ажилч­даа бөөндөж халдаг тус компанийн удирдлагууд одоо хэр нь “Ажилд авна” гэсэн зар түгээсээр байгаа юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13-ыг хүртэл төслийн менежер, сүлжээний инженер, баяжуулах үйлдвэрийн сур­гагч, байгаль орчны зохи­цуулах ажилтан тус бүр нэгийг сонгон шалгаруулж ажилд авна гэсэн зарыг сайтдаа байршуулсан байв.

Дашрамд дурьдахад “барь­­­цаалагдсан” захирал ноён Курт Черч нь өнгөрсөн зун, тодруулбал 2011 оны найм­дугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөн­хийлөгчийн зар­лигаар Алтан гадас одонгоор шагнуулсан юм. Түүний Монгол, Канад хоёр орны уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд оруул­сан хувь нэмрийг нь үнэлсэн нь тэр аж.  “Sauth Gobi Sands” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Курт Черч нь 2008 оны нэгдүгээр сараас тус компанид Ашиглалтын хэлтсийн менежер, мөн оны долоодугаар сараас Овоот толгой уурхайн ерөнхий менежерээр ажиллаж бай­гаад компанийн дэд ерөн­хийлөгчөөр томилогдсон аж. Тэрбээр өмнө нь “Сентерра Гоулд”-ын охин компани “Бороо гоулд” болон Канадын “Камбиор” компани, “BHP Billiton” компанийн “Ekati” алмаазны үйлдвэрт тус тус ажиллаж байсан, уул уурхайн салбарт 16 жил ажилласан туршлагатай менежерт тоо­цогддог гэнэ. Харин энэ удаа үндэслэлгүйгээр ажилчдаа халснаасаа болж ийнхүү хүнд байдалд оров. Өнгөрсөн жилийн өдийд буюу мөн л шинэ оны босгон дээр 50-иад ажилчнаа гэнэт халснаар хүчтэй эсэргүүцэлтэй тулж хэвлэлийн баатар болж байсан энэ эрхэм шинэ оныг ширүүхэн тэмцлээр эхэлдэг уламжлалтай нэгэн бололтой.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж