“Манчестер Сити” 3:0 “Ливерпуль”

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

“Манчестер Сити” 3:0 “Ливерпуль”

“Boxing Day”-ийн шахуу хөтөлбөрийн хүрээнд болж буй Английн “Премьер лиг”-ийн 20 дугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн тойрогт “Сандерлэнд”-д хожигдож, багагүй шүүмжлэлд өртсөн “Манчестер Сити” талбайдаа “Ливерпуль” багийг хүлээн авч, 3:0-ийн харьцаатай хожлоо. Тоглолтын 10 дахь минутад Серхио Агуэро “Ливерпуль”-ийн хаалгач Пепе Рейнагийн алдааг ашиглан, 33 дахь минутад өнгөрсөн оны Африк тивийн шилдэг тамирчин Яаяа Туре гоолдсоноор эхний хагас талбайн эздийн давамгайллаар өндөрлөв. Харин хоёрдугаар хагасын 73 дахь минутад Гарет Барри хоёр дахь шар хуудсаа авснаар талбайг чөлөөлж, “Ливерпуль”-д давуу байдлыг үүсгэсэн. Гэтэл хүн илүү “Ливерпуль”-ийн Мартин Шкртел 75 дахь минутад торгуулийн талбайдаа алдаа гаргаснаар шүүгч пеналти заасан юм. Пеналтийг Жеймс Милнер амжилттай гүйцэтгэснээр тоглолтын эцсийн цэгийг тавьсан гэхэд болно. “Ливерпуль” өнгөрсөн шөнийн тоглолтод олон гоолын боломж гаргасан ч ашиглаж чадаагүй юм. Тоглолтын дараа Кенни Далглиш “Тоглолтод хожихын тулд гоол оруулах боломж бүрийг ашиглах ёстой” гэдгийг тоглогчиддоо анхааруулсан.

Энэ тоглолтод “Ливерпуль” багийн гол довтлогч Луис Суарес оролцоогүй юм. Түүнийг “МанЮ”-гийн хамгаалагч Патрис Эвраг арьс өнгөний үзлээр доромжилсон гэдэг үндэслэлээр Английн хөлбөмбөгийн холбоо найман тоглолтоор торгосон билээ. 

Энэ тоглолттой зэрэгцэн, “Тоттенхэм” талбайдаа “Вест Бромбич” багийг хүлээн авч, 63 дахь минутад орсон Жермайн Дефоегийн гоолоор хожсон бол “Сандерлэнд” “Уиган” багийн талбайд зочлон, 4:1-ийн харьцаатай хожлоо. “Сандерлэнд”-ийн “Хар муурнууд” өнгөрсөн тойрогт “Сити”-г шүүгчийн мэдлийн цагт хожиж шуугиан тарьсан. Энэхүү амжилтыг нь саяхан ирсэн дасгалжуулагч Мартин О’нейлтэй холбон тайлбарлахад буруудахгүй биз ээ.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж