Манай дуурийн тайзнаа “Тоска” 1982 оны нэгдүгээр сарын 9-нд анх тоглогдож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулсан байдаг бол зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаачаар Ч.Жамсранжав ажиллаж байжээ. Тэр үед А.Хавлааш, Х.Уртнасан, н.Банди гээд манай мундагчуул тоглож, үзэгчид энэ дуурийг хүргэсэн байдаг. Түүнээс хойш энэ дуурь олон уран бүтээлч хүчээ сорьж ирсэн бөгөөд энэ сарын 7-нд 30 жилийн ойгоор тоглогдох “Тоска”-гийн Флория Тоскад С.Мөнгөнцэцэг, зураач Марио Каварадоссид Б.Дамдинсүрэн, Чезаре Анжелоттид М.Болд, гүн Скарпьягийн дүрийг Ц.Баттөр нар бүтээхээр болсон нь энэ. 1994 онд “Тоска” дуурийг хоёр дахь тавилтаар тоглоход нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдаж, энэ найруулгаараа одоо хэр нь үзэгчдэд хүрч байгаа юм. Дуурийн үйл явдал, өрнөл нь хөгжмийн хэлээр шууд буухаас гадна төгсгөлийн эмгэнэлтэй хэсэг нь хүний сэтгэлийг сэрт хийлгэж чаддаг нь гайхалтай. Тиймдээ ч мэргэжлийн талаас асар их ур чадвар шаарддаг гэдэг. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Тоска” дуурь 30 жилийн хугацаанд тавигдахад Польш, Оросын дуучин ирж дуулж байжээ. Мөн Ардын жүжигчин Б.Жавзандулам, Гавьяат жүжигчин А.Дашпэлжээ болон гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа нар тоглож байсан юм.
/Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач/
-“Тоска” дуурийн 30 жилийн ой болж байна. Тэгэхээр та энэ дуурийг хэдэн жил дохиж байна вэ?
-“Тоска” дуурийн талаар ярихад 20 орчим жил удирдаж байна. 1994 онд шинэчлэн тавьснаас нь хойш тохисон гэсэн үг шүү дээ. Энэ хугацаанд олон Тоска, Каварадоссидыг гаргалаа. Хамгийн сүүлд гэхэд гоцлол дуучин Баттөр тоглож, сайн дуулсан. 30 жилийн хугацаанд энэ дуурь үе үеийн уран бүтээлчдийг өсгөж, өндийлгөсөн гэж боддог.
-Удирдаж байхад ямар мэдрэмж шаарддаг вэ. Бусад дууриас юугаараа ялгаатай бол оо?
-Хөгжмийн мэдрэмжгүй бол удирдаач хүн ямар ч дуурийг тоглож чадахгүй. Гэхдээ Пуччиниийн дуурь өөр сэтгэхгүй, мэдрэмж шаарддаг. Манай театрын хамт олон энэ дуурийг олон газар тоглосон. Би Новосибирскийн дуурийн театрт манай дуучин Ганбат агсныг ажиллаж байхад очиж удирдах хувь тохиолдсон юм. Удирдаач гэхгүй дуучин, хөгжимчин гээд бүх о хүмүүсээс нэлээд чадал хүч шаарддаг дуурь. Ер нь, “Тоска”-д амархан дуулчихгүй, тийм ч амар дохихгүй гэж боддог. Нэлээд туршлага суусан, бөхөөр бол хий нь гарсан хойноо тоглоно шүү дээ.
Б.Жавзандулам: “Тоска”-д тоглоно гэж төсөөлж, мөрөөдөж байгаагүй
/Ардын жүжигчин/
-Дж.Пуччинийн сор болсон дуурийн нэг нь “Тоска”. Та энэ дуурьт хамгийн удаан дуулсан гэх нь бий?
-1997 онд анх “Тоска” дуурийн Тоскад гарч байлаа. Намайг тоглохоос өмнө Уртнасан гуай гардаг байсан юм. Тэгэхээр алтан үеийнхний өндөр төвшинд бэлтгэгдсэн бүтээл бол яах аргагүй энэ дуурь. Би Италид мэргэжил дээшлүүдээд төгсч ирээд гурван жилийн дараа энэ дуурьт тоглосон. “Тоска”-д тоглоно гэж төсөөлж, мөрөөдөж байгаагүй, надад гэнэтийн зүйл болж байлаа. 1993-1994 онд Италид мэргэжил дээшлүүсэн л дээ. Тэгээд Жамсранжав гуай надад итали хэл дээр дуулна гэсэн. Италид мэргэжил дээшлүүлж байхдаа энэ дуурийг жаахан оролдож байсан юм. Түүнээс бол багш нараас зөвлөгөө авч ажиллаагүй. Дүрийн хувьд ааш араншин нь Жавзандулам гэдэг хүнээс тэс өөр. Гэхдээ тэр хүүхний хайр дурлал, өөрийн гэсэн үзэл бодол хувь тавиланг монгол бүсгүй гарна гэдэг газар тэнгэр шиг байлаа. Энэ хоёрыг хослуулах гэж их зүйтгэсэн. Харин “Тоска”-д хэдэн удаа гарснаа сайн мэдэхгүй байна. 1990-ээд онд их олон удаа тоглогдож байсан юм.