“Ухаа Худаг” уурхайтай
танилцах аялал зохион байгуулна
ЭБЭХЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn сайтаас хамтран зохион байгуулж буй “Coal Mongolia-2012” чуулга уулзалтын хүрээнд ирэх 2 дугаар сарын 11-ний өдөр “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа Худаг” нүүрсний уурхайтай танилцах аяллыг зохион байгуулах гэж байна. Аялалд оролцсоноор дотоодын уул уурхайн салбарт шинээр нутагшсан олон улсын түвшний үйл ажиллагаа, дэвшилтэт техник технологийн шийдлүүдээс сонирхох боломжтой юм. “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа Худаг” нүүрсний уурхай нь Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км, Өмнөговь аймгийн нийслэл Даланзадгад хотоос 90 км-т буюу тус аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг. 2009 онд үйл ажиллагаа эхлүүлсэн тус уурхайн хүрээнд “Энержи Ресурс” ХХК Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, ус хангамжийн систем, үйлдвэрийн зориулалтын 245 км хатуу хучилттай авто зам, орон сууцны хороолол гэх зэрэг техникийн болон нийгмийн дэд бүтцийн олон чухал төслийг амжилттай хэрэгжүүлж, Ухаа Худагийн хөндийд томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа билээ.