Б.Сэр-Од маргааш эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од маргааш эх орондоо ирнэ

Спортын хатан хаан гэгдэх хөнгөн атлетик, тэр тусмаа хамгийн их тэсвэр тэвчээр шаардах марафон гүйлтийн төрөлд Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од маргааш эх орондоо ирэх гэж байна. Энэ жил амжилт арвинтай байж, дэлхийн топ таван марафоны нэг Лондонгийн марафонд эхний 10-т багтсанаар Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд олимпийн эрхээ өвөртөлсөн тэрбээр арванхоёрдугаар сард болсон Японы марафонд мөн түрүүлсэн юм. Жил бүрийн арванхоёрдугаар сард болдог “Хофү Ёмиүри” уламжлалт марафонд 2010 онд аваргалж байсан тэрбээр өнгөрсөн сарын уралдаанд түрүүлснээр хошой аварга болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арванхоёрдугаар сарын 29-нд тохиосон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулан зарлиг гаргаж, салбар салбарын шилдгүүдэд төрийн одон, медаль гардуулсан бөгөөд энэ хүрээнд марафонч Б.Сэр-Одыг Монгол Улсын Гавьяат тамирчин цол, тэмдгээр шагнах зарлиг гаргасан билээ. Харин Б.Сэр-Од Хятадын нийслэл Бээжин хотод байсан тул шагналаа гардан авч амжаагүй байгаа юм. Тэрбээр дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт сар гаруй хугацаанд өмнөд хөршид бэлтгэл хийсэн бөгөөд эх орондоо ирээд удалгүй Английг зорьж, олимпийн бэлтгэлээ базаах юм байна.

С.Цэлмэг 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж