Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Хамгийн анхны буюу аравдугаар сарын шалгаруулалтад амжилтаараа манлайлсан таван тамирчин өрсөлдөж, боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба шилдгээр тодорсон юм. Тэгвэл, арваннэгдүгээр сарын шилдэг тамирчны шалгаруулалтыг Нидерландын Амстердам хотноо болсон жүдо бөхийн гран-при тэмцээний -78 кг-д аваргалсан ОУХМ П.Лхамдэгд тэргүүлсэн билээ.
2011 оны арванхоёрдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Шатрын их мастер Ц.Батчулуун – “Монгол Туургатан 2011” шатрын олон улсын тэмцээнд түрүүлж, шатрын спортын оргил цол их мастерын болзол хангаж, Монгол Улсын тав дахь их мастер болсон.
Гавьяат тамирчин Б.Сэр-Од – Японы марафонд хоёр дахь жилдээ дараалан түрүүлж, Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор шагнуулсан.
Аварга С.Мөнхбат – Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн түүхт ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд долоо давж, түрүүлсэн.
Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар – Японы Токио хотноо болсон “Их дуулга” тэмцээнээс 66 кг-ын жинд хүрэл медаль, БНСУ-ын Чежү хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс 73 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн.
Ой тогтоолын ДАШТ-д оролцсон Монголын шигшээ баг– БНХАУ-ын Гуанжу хотноо болсон Ой тогтоолын ДАШТ-д багаараа хүрэл медаль хүртэж, хувийн төрлөөр гурван тамирчин топ 10-т багтан, хоёр тамирчин их мастерын болзол хангасан.
Тэрчлэн өнгөрсөн сард амжилт арвинтай байсан жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын онцлохгүй аргагүй. БНХАУ-ын Чиндаод болсон “Дэлхийн цом”-д түрүүлсэн Гавьяат тамирчин М.Бундмаа, БНСУ-ын Чежүд болсон “Дэлхийн цом”-д түрүүлсэн Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар болон нийт медаль хүртсэн, амжилт үзүүлсэн тамирчдадаа баяр хүргэх нь зөв юм.
Дахин сануулахад, сар бүрийн шилдэг тамирчид ирэх сарын эхний долоо хоногт онлайн санал асуулга болон сарын шилдгийг дүгнэх комиссын саналаар тодруулдаг билээ.