Хуучирсан мэдээ: 2012.01.04-нд нийтлэгдсэн

Төрийн сүлд өршөө

Цатгалан нь өлсгөлөнгийнхөө зовлонг ойлгохгүй гэж мэргэн түмний цэцэн үг байдаг. Харин энэ удаад энэ үгийг Ерөнхийлөгч бээр иш татсан юм. Баян Монголын иргэд ядуу байна аа гэж.

Хуучин шинэ оны зааг, шуугиант өдрүүдэд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн телевизийн нэгэн тоймч баярын бууз, салатны дажгүй хачир боллоо гэж тодорхойлсон байсан. Ойрд сонсогдоогүй хурц бөгөөд содон сонирхолтой үгийг хүмүүс ам дамжуулан ярилцсаар байв гэсэн санааг илэрхийлж байгаа хэрэг л дээ. Удам дамжсан уран илтгэгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг угаасаа олны анхаарлыг татдаг. Бүр Ерөнхийлөгч яагаад чуулганы нээлтэнд үг хэлсэнгүй вэ гэж гомдоллодог муу зан сургачихаар байгаа. Бүрэн эрх нь хүчин төгөлдөр ид хийдэг насан дээрээ титэм үгээ хэлж байгаа нь ч бас зүгээр л юм. 

Хэвлэлд ярилцлага өгөх тун дургүй, хэдэр ёдор ч гэмээр юм уу “төрийн эсрэг үзэлтэн” эдийн засагч нэгэн олон жилийн өмнө уншсан лекцэндээ аль ч байгууллагад ерөнхийдөө байдаг босоо пирамид хэлбэрийн бүтцийг төрийн хувьд яг эсрэгээрээ хэвтээ пирамид хэлбэрээр дүрслэн харуулж байсан нь гайхмаар ч юм шиг мөртлөө яг үнэндээ зүй ёсны зураглал байлаа. Хүнийг эвтэй зүйтэй, тайван амгалан амьдруулахын тулд бүтээгдсэн төр гээч зүйл нь сүүлдээ хүний дарамтлах аймшиг болж, түүнийг аймшгийн мангас болгохгүй байх үүрэгтэй өөрөөр хэлбэл төрийн гар хөл, ам, шүдийг хязгаарлахаар зохиогдсон зүйл нь эргээд эзнийхээ буюу иргэн хүнийхээ эрхийг хазаарлаж, айлган дарамтлагч болчихсон болохоор зарим хүнд бол гайхмаар санагдаад байсан хэрэг л дээ. Гэтэл үнэндээ бол яагаад дарлагдсан ардууд гэдэг соц реализмын үеийн нэгэн шог зураг шиг хамгийн дор нь мөнөөхөн эзэн хүн нь тэгээд яагаад албатууд-төрийнхөн дээшээ дээшээ байх ёстой гэж…? Үнэндээ бол жирийн сэтгэхүйтэй өөрийгөө хүндэлдэг, иргэншсэн бас нийгэмшсэн хүмүүсийн хувьд энэ нь яг л эвтэй дөрвөн амьтны зургийг эсрэгээр нь харуулчихсан жижигхэн биетэй тагтаа нь хамгийн доор дэнхийсэн том заан нь хамгийн дээр гарчихсан байхтай л агаар нэгэн хэрэг билээ. Гэтэл байж боломгүй зүйлийг өөрсдөө хүлээн зөвшөөрчихөөд “нөгөөдүүл” нь ч бас дүрдээ итгэчихсэн “Төр засаг нь та нарыгаа харж үзнэ” гэж ч байх шиг. Өөрсдийгөө төрийн түшээ, төрийн тэргүүн гэж нэрлээд хаад ноёдын овгор шовгор малгай өмсч, арц хүж асааж залбирч ч байх шиг. Арай л Богд хаан шиг сунтагийн адис хүртээнэ гэхгүй юм даа. Ихээхэн хөөргөөд тавьчихвал дүрдээ итгээд хадаг хайж гүйж чадах хүмүүс УИХ-д ч бас цөөнгүй бий. Хууль тогтоох дээд байгууллага бүү хэл наад захын өрхийн эмнэлгийн жижүүр нь “Хаанаасаа хаалгач нь” гэсэн жишиг, үнэ ханш, “цол хэргэм” бас хөөрхөн хүнд суртал авлига бий болгочихсон байна. Цэцэрлэгийн жаалууд хүртэл нэгэндээ “Төрийн албан хаагч болоод танай аавыг торгоно доо” гэж заналхийлдэг болох нь. Сүүлдээ бүр хэн болчихоод хэнээр тэжээлгэж, хэнд үйлчлэх ёстойгоо умартчихаад тэнгэрийн зараалаар төрсөн ханхүү мэт аашлах болсон албатуудад жавтий хүртээв гэгчээр чангахан үг хэлж, байх ёстой байрыг нь сануулсанд Ерөнхийлөгч танд жирийн иргэн би вээр ихэд талархаж байна. Гэхдээ жирийн иргэн би яг Ерөнхийлөгч тан шиг эрх чөлөөний хүчинд итгэдэг. Бас ээж шигээ төрийн сүлд, түмний буян өршөө гэж ерөөдөг нэгэн. Бас яг тан шиг “Эрх чөлөөгөө, энэ нийгмээ муу албатуудаас нь, муухайгаас нь шат дараалан салгах цаг болсон” гэдэгтэй санал нийлж байна. Тиймээс та төрийн албаныхныг цочоосон шигээ тэднийг бас цэгцлэх ёстой, мэдээж бидэнтэй хамт, бүгдийн дэмжлэгтэйгээр. Дашрамд сануулахад, “Хэлсэндээ хүрээрэй” гэж танд үг дайлгаж байна лээ, манайхан. 

Монголчууд төрт ёсны асар холын бөгөөд аугаа их баялаг түүхтэй, төрийн сүлдээ дээдлэн залбирдаг, цагаан сүүнийхээ дээжийг өргөдөг гүн хүндэтгэлт ард түмэн. “Төрийн сүлд өршөө” хэмээн ханцуйдаа залбирдаг, төрийн сүлдээ бузрын сүүдэрт дайрагдах вий гэж айн цээрлэдэг ард түмэн. Тэгэхдээ тэр сүлд нь давхиж яваа тасархай морь биш. Цаана нь мандаж буй нар ч бас биш. Их хурлын даргын эрээн сийлбэртэй сандал ч биш. Сандал дээр нь сууж байгаа хамгийн ухаантай түшээ гэгддэг бол бүр ч биш. Хэн нэгний томилсон дарга нарын бөөгнөрөл, хэсэг бүлэг хүмүүсийн өчүүхэн биеэ далдлан тэжээх сүлжээ бас биш билээ.

Хүчирхэг удирдагчийн дор нэгдэн нягтарч ирсэн төрийн баялаг түүхтэй. Тийн хүчирхэгжихийн үндэс болсон сүр сүлд, аугаа хүчирхэг бөгөөд, шударга шулуун, басхүү нөмөр нөөлөгтөй, дээд хүчнийг сүлд хэмээн бэлэгшээж ирсэн билээ. Тэр сүлд монгол түмнийг үеийн үед ивээж ирсэн. Тиймдээ ч монголчууд хүлээн зөвшөөрсөн, хүлээн зөвшөөрөгдөхөөс өөр аргагүй зүйлд захирагддаг. Захирагдсан шиг захирагддаг. Харамсалтай нь, захирагдахын аргагүй хүмүүс биднийг захирах гээд байх юм.

Бид өөрсдөөсөө дор мулгуу, жирийн хүнээс гавихгүй тархитай, гэхдээ жирийн л хүн шиг бусдын төлөө, эх орон, байгаль дэлхий, ирээдүй хойчийнхоо төлөө цохилох зүрхгүй, шимшрэх сэтгэлгүй хүмүүст удирдуулахыг хүсэхгүй. Тэгэх мөртөө бас тэдэндээ хууртагдаж, тэднээр басамжлуулж, бас тэднийг тэжээхийг хүсэхгүй байна. Ядаж байхад тэдний зарим нь ховдог шунахай, хомхойг яана. Жаахан цадахаараа гайгүй болох болов уу гэхээр үгүй шүү, бүр л давраад байна. Хорвоогоос халихдаа үүрээд далдрах юм шиг нүгэл хилэнц эд хөрөнгө цуглуулахыг яана.

Гэтэл төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүндээ төр хатуу ханддаг юм байна гэж монгол төрийн хар хүний бэлгэдэл, магадгүй төр гэж өөрийгөө жинхнээсээ ойлгодог зарим нь уйлан дуугараад гомдоллоод байх юм. Өлсгөлөн нь цатгалангийнхаа зовлонг ойлгодоггүй ээ гэж бас нэг үг байж болох юм даа. Өлсгөлөн хүнийг цатгах амархан болов уу, цатгалан хүнийг өлсгөх амархан болов уу? Уг нь бүх юм зүй зохисоороо байдаг сан бол заавал нэг нь өлдөж, эсвэл нэг нь цатгалдах ч шаардлага байхгүй л дээ, энэ аугаа баялагтай Монгол Улсад.

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж