Афганистаны олон сая баррелиар тооцогдох газрын тосны нөөцийг судалж хайх улмаар олборлох эрхийг Хятад улс нэгэнт авсан байгаа аж. Гэхдээ Афганистаны хөрсөн доор байгаа газрын тосны нөөцийн бодит хэмжээг бүрэн судалж тогтооход наад зах нь таваас арван жилийн хугацаа хэрэгтэй гэж шинжээчид үзэж байгаа юм.Ямар ч байсан Афганистаны Амударья гол орчмын ай сав газарт хайгуулын ажлыг явуулахаар Хятадын нефть, байгалийн хийн үндэсний корпораци болох CNPC ажиллахаар болж Афганистаны засгийн газар,сайд нарын зөвлөлөөс зөвшөөрөл авсан байна.
Одоогоор тус сав газрын нөөцөд 87 сая баррель газрын тос бий гэсэн урьдчилсан таамаг байгаа ажээ. Хятад улс Афганистаны засгийн газраас хайгуулын зөвшөөрөл авснаар байнга өсөн нэмэгдэж байгаа өөрийн орны дотоодын хэрэглээг хангахуйц газрын тосны нөөцтэй болохоор идэвхтэй хайгуул хийж байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа юм. Харин Афганистаны албаны эх сурвалж энэ талаар тайлбар хийхдээ Хятадын үндэсний корпораци CNPC-тэй Амударья мөрний сав газарт нефтийн хайгуул хийхийг зөвшөөрсний дагуу холбогдох гэрээг байгуулах үүргийг Афганистаны уулын үйлдвэрлэлийн сайдад үүрэг болгосон байгаа гэж тайлбар өгчээ. Гэрээг өнгөрөгч долоо хоногт үзэглэсэн бөгөөд ингэснээр Хятадын CNPC корпораци Афганистаны “Ватан” групптэй газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллах болж байгаа ажээ.
Хэдийгээр олон улсын хэмжээнд Афганистан улсын байгалийн баялаг, ашигт малтмалын маш их нөөцийн талаар өөдрөг олон таамаг гарч байгаа ч энэхүү хамтын ажиллагаанаас Хятадын талд олж болох ашиг орлогын тухайд ярих нь эрт байна гэж шинжээчид дүгнэжээ.
Зарим мэргэжилтнүүд одоохондоо зөвхөн хайгуулын ажил хийгдэж байгаа ч хятадын талыг ихээхэн эрсдэлтэй алхам хийж байна гэж дүгнэжээ. Тэд үүнийг мөрийтэй тоглоомонд их хэмжээний бооцоо тавьж байгаагаас ялгаагүй зүйл болсон гэж хэлж байна.
Учир нь Амударья мөрний эрэг орчмын нутагт байгаа газрын тосны нөөцийг бүрэн бодитойгоор гаргаж авах хүртэл Хятадын талаас асар их хэмжээний мөнгийг таамгаар зарцуулахаас өөр аргагүй гэж үзэж байгаа юм. Харин энэ бүхний эцэст үнэн хэрэгтээ тус сав газар дахь газрын тосны нөөц хүссэн хэмжээтэй байх эсэх нь бас л тодорхой биш байгаа гэж байна. Энэ асуудлаар мэргэжсэн сингапурын уул уурхайн зөвлөх компанийн мэргэжилтэн хэлэхдээ Афгантистаны нутаг дахь газрын тосны нөөцийг тав, арван жилээр үргэлжлэх урт хугацааны судалгааны дараа л чухам юу байгааг нь тогтоож болох бөгөөд тэр хүртэл ямар нэг ашгийн тухай яриа байхгүй гэж хэлжээ.
Гэхдээ Хятадын тал энэ бүхнээс огт халшрахгүй байгаа бөгөөд өөрсдийн байнга өсөж байгаа эрчим хүчний хэрэгцээгээ хангахуйц нөөцийг олохын тулд эрсдэлтэй алхмаас ч шантрахгүй байгаа гэнэ. Нөгөө талаар Хятадын Афганистанд хийж байгаа дээрхи хайгуулын ажил нь зөвхөн нэг талыг харсан сонирхлын улмаас хийгдээгүй гэж дүгнэх тал бас байна. Мэдээж энэ удаагийн хайгуулын зөвшөөрөл авсан ялалт нь хятадын корпорацийн хувьд цаашдаа Афганистаны орд газруудад хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа ч энэ бүхнээс илүү том зорилго ч бас байж болох ажээ.Өөрөөр хэлбэл Хятад Афганистаны зөвхөн ашигт малтмалыг нь сонирхоод зогсохгүй өөр бусад салбарт ч ашиг сонирхлоо шингээх зорилго тавьж байгаа юм байна.
Хятадын бизнесийн зөвлөх компанийн нэгэн төлөөлөгч хэлэхдээ дээрхи ашигт малтмалын орд дээр хайгуул хийх зөвшөөрөл авсан нь Афганистаны өөр бусад салбар луу оролцоогоо нэмэгдүүлэх дардан замыг зассантай адил зүйл боллоо гэж хэлжээ. Афганистан улсад олон жилийн дайны уршгаар эвдэрч сүйдсэн дэд бүтэц,барилга байгууламж зэргийг сэргээн босгох ажил цаашид хийгдэх нөхцөл байдал үүсч байгаа аж. Ялангуяа дэд бүтэц нь маш их хохирол хүлээсэн тул бүтээн байгуулалтын их ажил хүлээж байгаа бөгөөд үүнийг хийхгүйгээр эдийн засаг нь өсөхгүй гэж үзэж байгаа юм. Иймд Хятадын хөрөнгө оруулагчид дээрхи томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд оролцох сонирхолтой байгаа гэдгээ ил тод илэрхийлсээр иржээ. Хятадын нэгэн мэргэжилтний хэлж байгаагаар бол Афганистанд Хятадын компаниуд өндөр хурдны галт тэрэг явах төмөр замыг барьж өгөх боломжтой бөгөөд энэ талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.
Оны өмнө арай даруухнаар төсөөлж байсныг бодвол Азийн хөрөнгийн биржүүдийн арилжаа, үзүүлэлтүүд шинэ оны босго давмагц өссөн дүнтэй гарсан байна. Тухайлбал Өмнөд Солонгосын Kospi хөрөнгийн биржийн индекс 2.2 хувиар өсөөд байгаа бол Хонгонгийн Hang Seng бирж 1.8 хувь, Австралийн ASX 200 биржийн индекс 1.1 хувиар тус тус өссөн дүнтэй гарсан аж. Шинжээчдийн үзэж байгаагаар бол зах зээлийн ерөнхий байдал ч шинэ онд өсөлтийн шинжтэй байгаагийн дээр зөвхөн Ази гэлтгүй Европт ч бас хөрөнгийн биржийн индексүүд ч мөн энэ хугацаанд дээшилсэн аж.
2012 оны анхны долоо хоногийн эхний өдөр Германы DAX биржийн индекс 3 хувиар, Францын CAC 40 биржийн индекс 2 хувиар өссөн байгаа юм байна. Ажиглагчдын дүгнэж байгаагаар зах зээл дээрхи энэ хувирамтгай байдал ойрын саруудад үргэлжлэн ажиглагдахаар төлөвтэй байгаа гэнэ. Энэ байдлын шалтгааныг шийдвэр гаргагч нар болон хөрөнгө оруулагчид тайлбарлахдаа евро-бүсийн өрийн хямралаас үүдэлтэй гэж онцолж байна.
Мөн үүний зэрэгцээ Хятад улсын үйлдвэрлэлийн гол салбаруудад өсөлт гарч байгаа мэдээтэй байна.Энэ нь Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт 2012 онд ч үргэлжилнэ гэсэн өөдрөг таамаглалыг төрүүлж байгаа ажээ. Өнгөрөгч 11-р сард Хятадын худалдан авалтын индексийн үзүүлэлт 49-өөс 50.3 хүртэл өсөөд байгаа аж. Он гармагц худалдан авалтын индекс ийнхүү өссөн нь шинэ жилийн баярын амралт болон баярын уур амьсгал хэдийнээ орчихоод байгаа хятадын цагаан сарын эрэлтээс голлон шалтгаалсан байна.