Тавантолгойн орд газрын ашиглалтын ажлыг шуурхайлах талаар ажлын
хэсгийнхэнд үүрэг өгөхийн ялдамд тус ордын лицензийг Монголын төр 100
хувь эзэмшинэ гэсэн чиглэлийг баримталж буйгаа мэдэгдсэн. Өмнөх Ерөнхий
сайдын үеэс хэрхэх нь мэдэгдэхгүй ажин түжин байсан Тавантолгойн
асуудлыг дөрөвдүгээр сард эхлэх, хаврын чуулганаар хуралдаанд
танилцуулах "хугацаатай" үүрэг өгсөн.
Энэхүү мэдэгдлийн дараа "хоёр дахь"
толгойн ажил эрчимжих нь гэсэн найдлага төрүүлэхийн зэрэгцээ хөрөнгө
оруулагчид хувь эзэмшихгүйгээр оператор компанийн үүрэг гүйцэтгэх
нөхцлийг хэр сонирхох бол гэсэн болгоомжлол төрүүлж байсан. Өмнө яригдаж
байсанчлан Тавантолгойд хөрөнгө оруулалт хийх хүсэлтээ илэрхийлсэн
сонирхогчдод хөрөнгө оруулалтын хэмжээгээр хувь эзэмших бус нүүрс
олборлолтынхоо төлбөрийг төлөн ашиглалтаа явуулна гэсэн чиглэлийг
баримтлахаа Засгийн газар илэрхийлсэн билээ. Харин Эрдэс баялаг, эрчим
хүчний сайд Д.Зоригт дэлхийн бусад улсуудад ч ашиглаж байсан туршлага,
хөрөнгө оруулагчид сонирхоно гэдэгт итгэлтэй байна хэмээсэн.
Тэгвэл Тавантолгойд хөрөнгө
оруулахаар саналаа илэрхийлээд байсан дэлхийн томчууд манай Засгийн
газрын шинэ хувилбарыг хэрхэн үзэж буй нь тун удахгүй буюу энэ долоо
хоногт тодорхой болох нь. Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн
хувийг багцлан "захирч" байгаагийн хувьд Тавантолгойн орд газрын хөрөнгө
оруулагчдыг шалгаруулах тендерийг зарласан "Эрдэнэс МГЛ"-ийнхэн хөрөнгө
оруулагчидтай уулзахаар урилга илгээжээ. Тендерт оролцохоор 11
консорциум саналаа илэрхийлсэн ч Засгийн газрын байр суурийг жил гаруй
хүлээж суугаа юм. "Шинэ" Ерөнхий сайд шинэ чиглэлээ танилцуулсны дараа
"Эрдэнэс МГЛ"-ийнхэн өмнө сонирхлоо илэрхийлсэн 11 консорциумд энэ
талаар мэдэгдсэн байна.
Ингээд энэ долоо хоногт 11
консорциумын төлөөлөл Монголд ирж санал бодлоо солилцох хоёр дахь
уулзалтаа хийх болжээ. Дэлхийд нөөцөөрөө томд орох, шуугиан дуулиан
дагуулсан орд газарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа талууд ийнхүү
хоёр дахь удаагаа уулзах гэж байгаа нь энэ. Тэдний хэд нь оператороор
ажиллах ямар санал тавьж, хэд нь орхин гарахыг таах аргагүй. Ямартаа ч
эхний төлөөлөгчид Монголд ирчихсэн байгаа аж. Дашрамд сануулахад
Тавантолгойн тендерт БНХАУ-ын "Шинхуа Энержи"
ОХУ-ын "Базовый элемент ба Ренова"
"Базовый элемент" уг консорциумаас гарч буйгаа илэрхийлсэн. Гэхдээ
"Ренова" дангаараа болон өөр компанитай консорциум болон оролцох
боломжтой хэмээсэн
Австралийн "Экстрата"
АНУ-ын "Пибоди Энержи"
Их Британийн "Би Эйч Пи Биллитон"
Бразилийн "Вале"
Японы "Сожиц"
Японы "Марубени", "Иточу"
БНСУ-ын "КОРЕС"
Японы "Мицуй"
Энэтхэгийн "Жиндал Стиил энд Поувер"
Японы "Сумитомо" тэргүүтэй компаниуд
оролцохоор саналаа илэрхийлсэн. Тэд цаашид Тавантолгойд хамтран ажиллах
сонирхолтой хэвээр байгаа эсэх нь эхний удаад тодорхой болох бололтой.
Үүний дараа дахин сонгон шалгаруулалт явуулах эсэхийг мөн л жич шийднэ.
Албаны эх сурвалжийн хэлснээр бол өнөөдөр буюу мягмар гаригт
"аваргууд"-аас хэн, хэн ирж байгаа нь тодорхой болно. Тэгэхээр уулзалт
өнөөдрөөс эхэлнэ гэсэн үг байж болох юм. Мөн дараа нь дахин сонгон
шалгаруулалт хийх эсэх нь тодорхой болох биз ээ.
Дашрамд сануулахад Тавантолгойн
асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ дэд бүтцийн талаар тухайлбал, багагүй
маргаан дэгдээгээд байгаа төмөр замын асуудлыг мөн хамтатгах ёстой.
Тэгэхээр Гашуун сухайтаас нарийн царигтай төмөр зам тавих уу, Сайншандыг
дайруулсан чиглэлийг чухалчлах уу гэдэг нь удахгүй тодорхой болох нь.
Хоёр төслийг зэрэгцүүлэн тавих талаар ч бас яриа, санал байгаа юм.
А.ТУЯА