Су.Батболд ноён С.Эдаг хүлээн авч, уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Су.Батболд ноён С.Эдаг хүлээн авч, уулзлаа

Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда нэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Түүний энэ удаагийн айлчлал УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Су.Батболд болон Монгол-Японы парламентын бүлгийн зарим гишүүд хүлээн авч уулзсанаар эхэлсэн юм.

Уулзалтын эхэнд УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд, манай улсад тавтай зочлохыг хүсээд энэ улиралд айлчилж байгаа та бүхэнд  Монголын өвлийн талаар тодорхой ойлголтыг өгч чадах байхаа гэв. Тэрбээр хоёр орны харилцаа бүхий л түвшинд хөгжиж байгаа явдалд баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаанд манай парламент хоорондын харилцаа түлхүү үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ч дурдав. Мөн өнгөрсөн онд нүүрлэсэн гамшигт олон хүний амь нас эрсэдсэн явдалд дахин эмгэнэл илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Су.Батболд “Монгол, Японы  хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд ч бат бөх, сайн түншийн харилцаатай байсан бөгөөд УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүд ирээдүйн хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд улам батжин хөгжих болно гэдэгт гүнээ итгэдэг. Цаашид бид эрдэс баялаг, уул уурхайн чиглэлээр Япон улсын орчин үеийн техник, технологийн дэвшилтэт арга ажиллагааг эрхэмлэсэн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Ноён С.Эда халуун дулаанаар хүлээн авч буйд баярлаж буйгаа илэрхийллээ.

 2012 онд Монгол Япон орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Япон улсын зүгээс ач холбогдол өгч байгаа болохоо ноён С.Эда хэлсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж