Ус сувгийн удирдах газар 2011 онд ажлаа хийсэн болон хойшид хийхээр төлөвлөсөн ажлаа нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг тэргүүтэй албаны хүмүүст тайлагналаа. 1500 гаруй ажилтантай УСУГ өнгөрсөн оныг хүний нөөцийн чадавхийг сайжруулах жил болгон ажилласан байна. Тэд 2011 онд Дэлхийн банкны санхүүжилтээр Дамбадаржаагийн гэр хорооллын 96 өрх, найман байгууллагыг цэвэр, бохир усны нэгдсэн системд холбосон, Улаанбаатарчуудын ус хангамжийн эх үүсвэрийн амин судас болсон Туул голыг төрийн тусгай хамгаалалтад авч, усны нөөцийг бохирдох, хорогдохоос хамгаалж, Туул, Сэлбэ голын эрэг орчмыг тохижуулах, урсацыг нэмэгдүүлэх зэрэг томоохон ажлуудыг эхлүүлжээ. Харин энэ оноос эхлэн Япон, Өмнөд Солонгос, Чех, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран нийслэлийн ундны усны эх үүсвэрийг нэмж, 2014 он гэхэд ундны эх үүсвэрийн асуудлыг бүрэн шийдсэн байхаар төлөвлөсөн аж.
Б.Ойнбилэг