УИХ-аас 2008 онд Татварын өршөөлийн тухай хуулийг баталснаар аж ахуйн нэгжүүд далд орлогоо ил болгох, хоёр данс хөтөлдөг байснаа нэг болгох, улмаар өр ширтэй байсан бол түүнийгээ цайруулах зэрэг олон талын үр дүнг амсчээ. Гэвч зарим аж ахуйн нэгжүүд нь иргэдэд хохирол учруулсан байна. Тухайлбал, иргэд хөдөлмөр эрхлэх явцдаа сар тутамд Нийгмийн даатгалын шимтгэлд цалингаасаа 10 хувийн татвар төлж байсан ч Татварын өршөөлийн хуульд хамрагдах нэрийн дор нэр бүхий иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй луу унжсанаас тэдэнд олон хохирлыг учруулжээ. Зарим нэг нь өндөр насны тэтгэвэрт гарах болоход шимтгэл төлсөн хугацаа нь тасарснаас тэтгэврээ бүрэн тогтоолгож чадаагүй. Мөн нэг хэсэг нь тухайн цаг үед эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх үүсээгүй. Хөдөлмөрлөх явцдаа осол аваарт орсон ч мөн л Нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авах нөхцөл бүрдээгүй аж. Тиймээс хохирсон иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Харин Үндсэн хуулийн цэцээс асуудлыг авч хэлэлцээд дунд суудлын хуралдаанаараа “Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал байна” гэж үзжээ.
Энэ асуудлын хүрээнд нийтдээ 1600 гаруй аж ахуйн нэгжтэй холбоотой 800 гаруй сая төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн асуудал яригдаж буй юм. Мөн аж ахуйн нэгжүүдээс 10 гаруй хувийнх нь эзэн холбогдогч тодорхойгүй болж, мөн дампуурлаа зарласан юм байна. Тиймээс энэхүү 10 гаруй хувийг эзэлж буй аж ахуйн нэгжүүдээс хохирол барагдуулна гэхэд бэрхшээлтэй аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Хэрвээ байнгын хорооноос Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал иргэдийн хувьд Нийгмийн даатгалын шимтгэлээ улсаар төлүүлж болох юм байна гэдэг ойлголтыг төрүүлнэ. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бэрхшээл үүснэ. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн асуудал биш, хэдэн иргэний мөнгө нэхэмжилсэн асуудал” гэж үзсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Загджав “Үндсэн хуулийн цэц юм болгон дээр УИХ хууль зөрчжээ гэдэг шийдвэр гаргадаг болих хэрэгтэй. Энэ асуудал нь өөрөө хууль зөрчсөн асуудал биш. Тиймээс цөмөөрөө хүлээж авахгүй байя. Харин Үндсэн хуулийн цэц дээд суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын дарга аа , намайг нэхэмжлэгчээр нь явуулчихаарай. Би цэцийнхэнд ойлгуулаад өгье” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Одоо ч олон аж ахуйн нэгж ажилчдынхаа Нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй, үргэлж араасаа нэхэл дагал болж байдаг. Чухамдаа бол хэзээ УИХ-аас Татварын өршөөлийн хуулийг батлах бол гэж хүлээж суудаг болсон. УИХ-аас баталсан Өршөөлийн тухай хууль нь их муу жишгийг тогтоосон. Уршгийг нь арилгах эсэх асуудлыг одоо бид хэлэлцээд сууж байна. Гэхдээ нэг зүйлийг хатуу бодох ёстой, нэгэнтээ ажил хөдөлмөр эрхлээд, цалингаасаа Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийг хохиролгүй болгох ёстой. Нийгмийн даатгал бол тухайн иргэний ирээдүйнх нь баталгаа. Тийм учраас хохирлыг нь ямар нэгэн байдлаар арилгаж, алдааг засах ёстой” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Татвары өршөөлийн хуулийн үр шимийг хүртэж байсан хүний хувьд хэлэхэд “Би бол татвар төлөхгүй” гэж хэлнэ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихдаг юм гэхэд аж ахуйн нэгжүүд яаж ийгээд төлөхгүй байх арга хайна шүү дээ” гэдэг юм байна.
Харин Татварын өршөөлийн тухай хуулийг санаачилж байсан УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт “Үндсэн хуулийн цэцийн энэ удаагийн дүгнэлтийг хүлээж авах юм бол эргээд аж ахуйн нэгжүүдийн хувьд хүндрэл учруулна. Нэгэнтээ төр хууль батлаад аж ахуйн нэгжүүдийг өршөөсөн юм чинь, тэр агуулгаар нь явуулах ёстой. Харин иргэдэд учирсан 800 гаруй сая төгрөгийн хохирлыг нэгдсэн төсөвт суулгаад шийдвэрлэж өгөх талын арга бодсон нь дээр. Ингэхгүй бол Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан үеэс аж ахуйн нэгжүүд шүүхэд дуудагдаж, улмаар алдагдал тооцогдон асуудал үүсгэнэ” гэсэн юм. Гэхдээ тэрбээр Засгийн газраас тогтоол гаргах биш, Төсвийн байнгын хороо тогтоол гаргах ёстой гэв. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан “Төсвийн байнгын хороо тогтоол гаргах албагүй, Засгийн газар тогтоолоо УИХ-д оруулж ирэх ёстой” гэж байр суурь сөрөг байгаагаа илтгэв. Ийнхүү ардаа компанитай, Татварын өршөөлийн хуулийн үр шимийг хүртсэн гишүүдийн хувьд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь уршиг дагуулна гэж үзэн, хамтаараа дуугаа нэгтгэн, жинхэнэ хувийнхаа амбицаар асуудалд хандан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байх шийдвэрт хүрсэн юм. Таван зүйл бүхий заалтаар санал хураалгахад 100 хувь “Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй” гэж үзэн, энэхүү шийдвэрээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтлоо.