“Алтан шонхор” “Монгол айл”-д зочлов

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

“Алтан шонхор” “Монгол айл”-д зочлов

Монголын телевизүүдийн холбооны “Алтан шонхор 2011” наадам болдгоороо болж, телевизүүд шагнал авдгаараа авлаа. Харин “Телевизийн шилдэг баримтат кино” төрөлд шалгарсан  “Монгол айл” баримтат цувралын “Өвгөн ганц мод” кино анхаарлыг татсан юм. Дэлхийн 10 газрын 10 монгол айлын тухай өгүүлдэг баримтат киноны ерөнхий найруулагч, “NTV production” студийн захирал Г.Батнягт шагналаа дөнгөж аваад байхдаа бүтээл болон бүтээгчдийнх нь тухай манай сурвалжлагчид “дотроо онгойтол” ярив.

-Баяр хүргэе. Танай төслийн 10 анги баримтат киноноос яагаад чухам “Өвгөн ганц мод”-ыг нэр дэвшүүлсэн юм бэ?

-Манай NTV телевизийн удирдлага ярилцаад энэ ангийг нэр дэвшүүлсэн. Хийц, өгүүлэмж гайгүй, бас сүүлд эвлүүлгээс гарч, саяхан дэлгэцээр хүрсэн шинэ анги болохоор “Алтан шонхор”-т дэвшүүлсэн юм байлгүй дээ. Ер нь бол бид 10 анги кино хийхээс Киргиз, Энэтхэг, Оросын Буриад, Халимаг, Хятадын Шинжаан, Юннань, Хөх нуурын монгол айлын тухай долоон ангийг нь хийж дуусаад байгаа юм. Одоо бид Афганистан, Тайвань, Монгол улсын ангиуд дээрээ ид ажиллаж байна. Цагаан сараар төсөл хаалтаа хийнэ. 10 анги бэлэн болоод дуусна гэсэн үг.

-“Өвгөн ганц мод” буюу Гималайн уулсын өвөрт амьдардаг Жамбаа гуайн тухай сэтгүүлч М.Буянбадрахын “Монголоо хайсан монгол” аян замын тэмдэглэлийн номоос уншиж байсан. Гэхдээ номыг нь хараахан уншаагүй, киног нь үзэж амжаагүй байгаа уншигчдад “кино ярьж” өгөөч?

-Үзээгүй кино, уншаагүй номыг нь ярьж өгнө гэж юу байхав дээ. Үзсэн, уншсан, таалагдсан, эс таалагдсан хүмүүстэй л санал солилцоно уу гэхээс. Гэхдээ яахав, мэдээлэл өгөх хэмжээнд товч хариулъя. 1930-аад онд Өвөр Монголын Шилийн голоос нэг ламхай ном үзэхээр Гүмбүм буюу Хөх нуурын зүг гарчээ. Ээж нь “Манай энд дайн самуун болж байна. Яв, зугт” гэж л дээ. Япончууд Өвөр Монголд орчихсон, завсарт нь хятадууд хоорондоо, бас япончуудтай гээд учир нь олдохгүй дайны хөлд хүн болгоныг цэрэг цуухад татаж байсан үе. Жамбажав гэж тэр хүү Гүмбүмээс Төвдийн Лхаст ирээд, хожим 1959 онд Төвд Хятадад эзлэгдэхэд Гималай давж Энэтхэгт суурьшсан монгол хүн. Одоо 90 хүрч байгаа. Шар шувталж багш болоод, гэрлэж хүүтэй ч болсон. Хүү Амарсанаат нь Бакула ринбүүчийн үед Монголд Энэтхэгийн хэргийг түр хамаарагч байсан. Түүний хүү Чингис Улаанбаатарт сурч байсан, одоо арван хэдтэй жаал бий. Энэ гурван үеийн амьдрал, хувь заяа, эмгэнэл, аз жаргалын тухай цаг хүрэхгүй хугацаанд өгүүлэх гэж оролдсон гэх үү дээ.

-Жамбажав гуайг та нар яаж олж, холбоо барьж, зураг авсан бэ? Танай ангиудыг үзэхэд яаж дэлхийгээр тарсан тэр эгэл хүмүүсийг олоо бол гэдэг асуулт өөрийн эрхгүй цээжинд тороод байдаг юм?

– Манай судалгаа, эрэн сурвалжлага, продюсингийн алба гээд 20-иод хүнтэй, хүчтэй баг 24 цаг дэлхий даяар ажиллаж байдаг юм шүү дээ. (Инээв.) Тоглосон юм. Манай баг их цомхон шүү дээ. Үндсэн баг маань нийтдээ 4-5 хүн. Төслийн удирдагч нь манай телевизийн захирал М.Уламбадрах. Тэгээд зохиогч бөгөөд продюсер нь нэг хүн, найруулагч, ерөнхий зураглаач нь нэг хүн гээд явчихна. Цаана нь зураглаач, дууны оператор, эвлүүлэгч гээд болно доо. Дандаа хилийн чанадад, алс газар зураг авалт хийдэг болохоор томилолтоор 2-3 хүн л очиж ажилладаг. Гаднын том төсөвтэй кино багууд шиг судалгаа гэж түрүүлж нэг онгоц шахуу хүн очоод, зураг авалт гэж тогооч, жолоочтойгоо галт тэрэг дүүрэн хүн явахгүй шүү дээ. Киноны баатар болох хүмүүсийг эрэн сурвалжлах, сонгох, олж тогтоох, холбоо барих, зөвшөөрүүлэх, хөрөнгө босгох, зураг авалтын төлөвлөгөө гаргах зэрэг ажлыг манай төслийн ерөнхий продюсер, баримтат киноны зохиогч М.Буянбадрах хариуцдаг юм. Жамбажав гуайн тухайд олон жилийн өмнө түүний хүү Амарсанаатын Монголд ажиллаж байхдаа буюу 1990-ээд онд манай хэвлэлд өгсөн ярилцлагын тасархайнаас эхэлсэн. Түүний сургийг 15 жилийн хойно хайж яваад монгол найз нь болох ЗГХЭГ-ын Эрдэнэбилэг гэдэг хүнээс мэйл хаягийг нь олсон байдаг юм. Гэтэл Амарсанаатын аав Жамбажав гуай амьд сэрүүн гэнэ. Тэгээд л… Ер нь бол уйгагүй судалгаа, сайн хэлхээ холбоо, ой санамж, торгон мэдрэмж, бас бага шиг аз. Энэ хэд нийлж байж дэлхийн долоон тэрбум дотроос, за больё манай гарагийн 10 сая  монголын дундаас киноныхоо баатрыг олдог.

-Танай төслийг хэн санхүүжүүлдэг вэ? Манай төр засаг, үндэсний компаниуд, гаднын ивээн тэтгэгчид?

-Үнэнийг хэлэхэд бид Стив Жобсын үлдээсэн өв хөрөнгөөр үүнийг хийж байгаа юм аа. (Инээв.) Уучлаарай, дахиад наргисан юм. Манай телевиз гурван жилийн турш өөрөө санхүүжүүлж, энэ төслийг гүйцэтгэж байна. Багагүй мөнгө орсон. Саяхан Халимагт бид киноныхоо нээлтийг хийхэд “Монголын засаг төр биш, олон телекомпанийнх нь нэг нь л өөрсдөө санаачлаад энэ том төслийг хийж чадсан нь гайхалтай” гэж Засгийн газрынх нь тэргүүн шадар сайд Вячеслав Илюмжинов хэлж байна лээ. Бахархмаар ч, бас бодмоор ч үг. Гэхдээ “Монгол айл” телевизийн олон ангит киног бид “түүхт ойнууд, төр засаг, түмэн олондоо”, эсвэл “Алтан шонхор”, “Мөнгөн өвөл”, “Хүрэл гацуур”-т зориулж хийгээгүй юм аа. Бид монгол хүн гэдэг сэтгэлийнхээ захиалгаар хийсэн. Удаан хийж байна гэж биднийг шүүмжилдэг. 10 анги баримтат цувралыг гурван жилд гэдэг удаандаа удаан, хурдандаа хурдан хугацаа. Төвдийн өндөрлөгт шаварт сууж, Афганы уулсад нүхэнд бээрч, Казахын хил дээр баригдаж, хоригдож явсан. Тайванийн сайдын өргөөнд тухлаж, Юннанийн тариачныд могойгоор дайлуулж, Өрөмчийн гудамжинд жимс хазалж байсан. Хэцүү, бас сайхан байсан. Шагнал авах, магтуулахаас ч гоё. Бид үүнийг хийх дуртайдаа, бас хийх ёстойдоо хийж байгаа юм. Мөнгө өгсөнгүй гэж уйлж гоншигноод байх нь хаашаа юм. Эхлээд сайн юм хийж чадна гэдгээ нотлох хэрэгтэй. Баримтат киноны зураг авна гэдэг онгоцонд бууж суугаад, далайн эргээр нарлахдаа өөрийгөө камердахаас арай өөр ажил. Бид киноноосоо урьтаж “Монголоо хайсан монгол” гэдэг аян замын тэмдэглэл хийсэн, ном гаргасан. Үүнийг маань “Мобиком” корпораци, “Аморе косметикс” компани зэрэг газрууд дэмжин хамтарч ажилласанд талархаж явдгаа хэлье. Ер нь бол, “савангийн дуурь” гэгддэг олон ангит кино юм уу, зохиолын дууны тоглолт хийх, нутгийн бөхөө шагнах, Төрийн ордонд гал өрдөх зэрэгт сая саяараа мөнгө олддог. Харин 10 сая монголыг олж сурвалжлаад ирье гэхэд хэцүү юм билээ. Үгүй ч гэдэггүй л дээ, гэхдээ өгдөггүй юм байна лээ.
 
-Өөр ямар төсөл дээр танай баг ажиллаж байна?

-За, “Монгол айл”-аа дуусгах хэрэгтэй байна. Буянаа бид хоёр мөнгө нь олддог бол бүх ангийнхаа баатруудыг буюу Хэнтийн Баян-Адрагаас Халимагийн Ижил мөрөн, Киргизийн Иссыккуль нуураас Тайванийн хоолой, Афганы Бамияанаас Манжуурын тал хүртэлх монголчуудын төлөөллийг авчрах тухай мөрөөддөг юм. Төрийн дуулал нь “Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт” гэж эхэлдэг эх орондоо бүх баатруудаа цуглуулбал сайхан биз дээ? Гэхдээ энэ бол бид хоёроос маш бага хамаарах ажил. Мөнгө л шийднэ. Хүний хувь заяаны тухай “Энэтхэг кино”, “Хойд дүр” (ажлын нэрүүд) гэсэн хоёр баримтат киноны зураг авалтыг энэ жил дуусгалаа. Эхнийх нь зураг бас гурван жил үргэлжилсэн юм. Сая бид Балбад төгсгөлийн зургаа аваад ирсэн. Юу болсныг удахгүй хараарай.

М.УРИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж