Японы дэвшилтэт технологи, арга ажиллагааг чухалчлав

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Японы дэвшилтэт технологи, арга ажиллагааг чухалчлав

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл манай улсад айлчилж байгаа Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн Танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа  өргөжин хөгжиж  байгааг онцлон тэмдэглээд,  энэхүү харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Япон Улсын хууль тогтоох байгууллага, ялангуяа найрамдлын бүлэг чухал үүрэг гүйцэтгэж ирсэнд талархалтай байгаагаа  илэрхийллээ.  Тэрбээр цааш нь   Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын даргын урилгаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны парламентын цаашдын хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж буйгаа хэллээ. Мөн айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар маш тодорхой ярилцаж харилцааг стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр   тохиролцсон нь бидний хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон гээд, цаашид  энэхүү уулзалт яриаг бодит ажил хэрэг болгоход хоёр тал үе шаттай, тодорхой арга хэмжээнүүдийг харилцан тохирч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн  ашигт малтмал, уул уурхай бусад салбарт японы орчин үеийн  техник, технологийн дэвшилтэт арга ажиллагааг чухалчилж байгааг онцолсон юм. Улсын Их Хурлын дарга 2012 онд тэмдэглэх Монгол-Японы дипломат харилцааны 40 жилийн ойд монголын тал ихээхэн ач холбогдол өгч байгааг онцлоод, ойн хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дурдлаа. 

    Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн Танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда Улсын Их Хурлын даргатай шинэ онд дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Япон Улсын хувьд өнгөрсөн жил байгалийн гамшиг тохиосон хүнд жил байж, тэр хэцүү, зовлон бэрхшээл тулгарсан  цаг үед монголын төр, засгаас тусламжийн яаралтай баг ирүүлж, эд материалын тусламж дэмжлэг үзүүлж байсанд талархалтай байгаагаа тэрбээр онцлон тэмдэглээд,  Япон Улс байгалийн гамшгийг даван туулахын тулд бүх хүчин чармайлт гарган ажиллаж байгааг дуулгалаа. Мөн цаашид Японы тал   ашигт малтмалын салбарт болон бусад бүхий л салбарт Монгол Улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгааг хэлсэн. Түүнчлэн  Улаанбаатарын агаарын бохирдлын талаар хөндөж, энэ  асуудлыг шийдэхэд хамтран ажиллах боломжтой гэлээ.  Японд 1970-аад онд агаарын бохирдлын маш их асуудал тулгарч тэр бэрхшээлийг техникийн дэвшлээр даван туулж асуудлыг шийдсэн байна.   Хоёр орны харилцааг түншлэлийн түвшинд хүргэхийн тулд  хамтын ажиллагааны агуулгыг тодорхойлох нь чухал гэдгийг С. Эда онцлоод, үүний тулд юуны өмнө хүмүүс хоорондыг харилцааг ойртуулах, ялангуяа парламентын гишүүдийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэсэн юм. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга С.Батболд, Улсын Их Хурлын гишүүн З.Алтай, Л.Гантөмөр, Ц.Сэдванчиг, Д.Ганхуяг нар болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж