Хайгуулын зөвшөөрөл олгохыг хориглох төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Хайгуулын зөвшөөрөл олгохыг хориглох төслийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны хуралд оролцсон гишүүд “Шинээр олгох лицензийг хориглохтой зэрэгцээд хуучин олгогдсон лицензүүдийн шилжүүлэгт тавих хяналтыг чангатгах хэрэгтэй”  гэж сануулж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Газрын харилцааны тухай хуультай уях хэрэгтэй. Монгол Улсын газрыг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, ойн сан бүхий газар, төрийн тусгай хамгаалалттай газар гээд нарийн заагласан ч хамгийн замбараагүй нь геологи хайгуулын чиглэлээр олгогдож байгаа газар болж хувираад байна. Тиймээс энэ бүхнийг нарийн зохицуулах ёстой” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгын тайлбараар бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг энэхүү Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн хүрээнд зохицуулна. Харин нэгэнтээ олгогдсон лицензийн хувьд бууруулах тал руу явуулна. Лицензит талбайг Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 10 хувь руу бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Харин хайгуулын лицензтэй атлаа ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад тавих мэргэжлийн байгууллагуудын хяналтыг чангатгах шаардлага бий гэж үзэж байна.

Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал өндөрлөсөн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж