АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Канадаас Техас хүртэл 2735 км газрын тосны хоолой байгуулах асуудлаар Конгресстай маргаантай асуудал хэлэлцэж, сонгуулийн жилийг эхлүүлжээ. Үйлдвэрчний зарим эвлэлүүд газрын тос дамжуулах “Keystone XL” хоолой олон мянган ажлын байр шинээр бий болгоно гэж үзэж байгаа бол байгаль хамгаалах байгууллагын гишүүд газрын тосны алдагдал гарвал байгаль орчинд хор хөнөөлтэй гэж эсэргүүцжээ. Барак Обама Зул сарын баярын өмнө дундаж орлоготой иргэдийн татварыг бууруулах хуулийн хэрэгжилтийг сунгахаар гарын үсэг зурсан. Тухайн үед Бүгд найрамдахчууд Барак Обамагаас дамжуулах хоолой байгуулах эсэх асуудлаар шийдвэрээ яаралтай гаргахыг сануулж байв. Харин Барак Обамагийн засаг захиргаа энэ асуудлыг сонгуулийн жил яаран шийдсэнээс түр хойш тавьсан нь дээр гэж үзэж байгаа бололтой. 2008 оны сонгуульд үйлдвэрчний эвлэлүүд болон байгаль хамгаалагчдаас хүчтэй дэмжлэг олж чадсан Барак Обамагийн хувьд уг асуудлаар хөөцөлдөх нь ашиггүй гэж ажиглагчид үзэж байгаа гэнэ. Зарим либерал үзэлтнүүд дамжуулах хоолойн төслийг эсэргүүцэн Барак Обамаг сонгуульд дахин өрсөлдөх үед дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. Хэрэв Барак Обама уг төслийг хэрэгжүүлэхээс татгалзвал ажлын байр бий болгоно гэж хүлээж буй үйлдвэрчний эвлэлүүдийн дэмжлэгийг алдах эрсдэлтэй юм.
Н.Энх