Э.Амартүвшин-дуурийн дуучин
Энхтайваны Амартүвшин. Энэ залууг дуурийн урлагт элэгтэй үзэгчид маш сайн танина. Тэр бол энэ цагийн театрын залуу “од”. Дуурь бүжгийн идэр залуу, эрч хүчтэй уран бүтээлч. Э.Амартүвшин ОХУ-д сонгодог урлагийн “олимп” гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн. Түүний энэхүү гавьяаг үнэлж, төр засгаас Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр мялаасан. Залуу дуучин Э.Амартүвшин Сүхбаатар аймагт төрж өссөн бөгөөд наймдугаар ангиасаа эхлэн дуулжээ. Тэрбээр 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсч, УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн байна. Хоёрхон жилийн хугацаанд Э.Амартүвшин дөрвөн дуурийн гол дүр бүтээжээ. “Хэрмэл жүжигчид” дуурийн Тонио, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Ламбугайн нулимс” дуурийн Лодон, “Аида” дуурийн Амонасрогийн дүрийг тэр энэ хугацаанд амилуулсан байна. Харин 49 дэх улиралд Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд тоглохоор бэлтгэж байгаа гэсэн. Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурьд дуулна гэдэг дуурийнхны хувьд мөрөөдөл, бас том шалгуур. Харин Э.Амартүвшингийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард УДБЭТ-ын тайзнаа тавьсан “Аида” дуурийн Аидагийн аав Эфиопын хааны дүрийг маш чадварлаг бүтээж, үзэгчдээс төдийгүй урлаг судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.
Г.Ариунбаатар-дуурийн дуучин
М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээний эрэгтэй дуучдын төрөлд эхний хоёр байрыг Монголын дуучид авсан. Эхний байрт Цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар шалгарсан бол дэд байрыг залуу дуучин Э.Анхбаяр эзэлсэн. Монголын соёл урлаг, тэр тусмаа сонгодог урлаг, дуурийн тайзнаа өнгөрч буй оны онцлох эрхмүүдийн нэг байж чадсан Г.Ариунбаатар саяхан Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнуулсан.
Б.Саруул-театрын хун
Хоёрхон жилийн өмнө нь театрын шинэ хун хэмээн нэрлэж байсан балерина Б.Саруул шинэ оны өмнөхөн Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол тэмдгээр шагнуулсан. Өдгөө 23 настай цэл залуухан театрын хун Б.Саруулыг театрынхан Зууны манлай балетчин Ю.Оюун агснаас хойшхи хамгийн гоё “далавчтай” хун гэгддэг. Б.Саруул УДБЭТ-т гоцлол бүжигчнээр ажиллахдаа дэлхийн алдарт П.И.Чайковскийн “Нойрссон гүнж”, “Хунт нуур”, “Щелкунчик”, А.Аданы “Жизель”, Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй”, үндэсний Ж.Чулууны “Уран хас” зэрэг балетад гоцолсон байна.
Г.Батчимэг-энэ цаг үеийн шилдэг балерина
Г.Батчимэг. Балетын урлагт дуртай үзэгчид түүнийг Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балетын Заремагийн дүрээр танина. Театрт шинээр тавьж буй балет, дэлхийн болон үндэсний бүхий л балетад Г.Батчимэг гоцолдог. Тэр бол энэ цаг үеийн хамгийн шилдэг балерина. Тэрбээр Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагвын гарын шавь. Г.Батчимэг тайзнаа эсрэг дүрийг ч, эерэг дүрийг ч, хүчирхэг дайчин эмэгтэй, эмзэг турьхан бүсгүйн дүрийг ч бүтээж чаддаг. Түүний техник, ур чадвар, жүжиглэлт үзэгчдийг эзэмдэж чаддаг юм. Саяхан шинээр тавьсан А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балетад Г.Батчимэг гоцолж, дайчин, хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэр энэ цагийн үеийн театрын “од” юм.
О.Ганцоож-театрын ханхүү
О.Ганцоож… Тэр бол Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин. Театрын тайзнаа тоглож буй П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын ханхүү Зигфрид, “Нойрссон гүнж”-ийн ханхүү, “Щелкунчик”-ийн цөмөөхэй, “Жизель”-ийн Алберт гээд тэр бүх бүжгэн жүжгийн гол дүрд тоглодог. Энэ цаг үеийн театрын нүүр царай ч гэж болно. Жилээс жилд ур чадвар, техник нь сайжирч, үзэгчдэдээ балетын урлагийн гайхамшгийг мэдрүүлж яваа цэл залуухан, ханхүү О.Ганцоожид үзэгчид дэндүү их хайртай. Тэр театрын тайзнаа дүүлэн нисдэг. Түүнийг нисэх бүрт үзэгчид хамт нисдэг. Тиймээс ч түүнийг үзэгчид хайрладаг, хүндэлдэг.
Н.Жигжиддорж –морин хуурч
Монголын Улсын Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж. Тэрбээр Бээжингийн “Сувдан” театрт, Франц дахь ЮНЕСКО-гийн байр, Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд “Арга билэг” хамтлагтайгаа энэ онд тоглосон авьяаслаг хөгжимчдийн нэг. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 2-нд болсон нумт хөгжимчдийн “Novel Melody” тоглолтын хөгжмийн найруулгыг хийсэн. Хүмүүс түүнийг хэдийнэ мэддэг болж. Үзэгчдийн сонсох дуртай “Playing Love”, “Би чамд хайртай” киноны хөгжим, сүүлд Astor Piazolla-гийн “Oblivion”-ийг Н.Жигжиддорж гоцолсон. Залуу морин хуурч Н.Жигжиддоржийн талаар ам сайтай байдаг. Хэрсүү, авьяаслаг, ухаалаг хүү гэж ярьдаг юм билээ. Багаасаа л сайн хөгжимчин болно гэсэн зорилготой байсан жижигхэн хүү одоо Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин болчихсон, тэр бүү хэл хөгжимд хайртай үзэгчдийн хүндэлдэг, хайрладаг шүтээн нь болжээ.
Ч.Энхтайван-Театрын шинэ Юндэн
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ч.Энхтайван. Энэ оны есдүгээр сард Москва, Санкт-Петербург хотноо болсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XIV уралдааны шилдэг дөрвөн дуучны нэгээр шалгарсан баритон. Тэр бол театрын шинэ Юндэн. Түүнийг мэргэжлийнхэн “мэдрэмжтэй сайн дуучин” хэмээн үнэлдэг. Үнэхээр ч Карл Орфийн “Кармина Бурана”-г тоглох үеэр Ч.Энхтайван мэдрэмжтэй, мэргэжлийн гэдгээ харуулж чадсан. Түүний хоолой хүчирхэг хэрнээ чихэнд сонсголонтой, зөөлөн байдаг. Зөөлөн хэрнээ хүчирхэг, хүчирхэг гэхээр зөөлөн. Сонсоод л баймаар… гоё хоолой.
Б.Гомбо-Очир-театрын залуу тенор
Дуурийн театрын эрэгтэй дуучид хүчирхэг байна аа. Теарт дахин нэг тенор хоолойтой дуучинтай болж. Түүний Б.Гомбо-Очир гэдэг. Тэр бол театрын хамгийн залуу тенор. Б.Гомбо-Очир Соёл урлагийн их сургуулийг өнгөрсөн онд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Тэрбээр оюутан байхдаа л дэлхийн алдарт Ж.Вердийн “Аида” дуурийн Радамест гоцолсон. “Аида” дуурьд хэр баргийн дуучин дуулаад байдаггүй. Маш их техник, ур чадвар, хүч шаарддаг Радамесийн дүрд Б.Гомбо-Очир чадварлаг дуулж, үзэгчдэд өөрийгөө таниулж чадсан билээ.