Шаардлага хангаагүй дээд сургуулиудыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Шаардлага хангаагүй дээд сургуулиудыг хаажээ

Хамтарсан  Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхлэхэд  улсын хэмжээнд 154 их, дээд  сургуультай байсан бол  одоогийн байдлаар 95 болж цөөрчээ. Их, дээд сургуулиудыг ямар үндэслэлээр ийнхүү үйл ажиллагааг нь зогсоосон талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайханаас тодрууллаа.

-Боловсролын яамнаас их, дээд сургуулиудад явуулсан атестатчиллын  дүн гарсан юм байна. Энэ талаар тодруулаач?

-БСШУЯ-наас 2011 онд их, дээд сургуулийг атестатчилах ажлын төлөвлөгөө гараад  өмнө нь хамрагдаагүй, магадлан итгэмжлэлд ороогүй, мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтээр удаа дараа зөрчил гаргасан, яамны шалгалтад тэнцээгүй 55 их, дээд сургуулийг хамрууллаа. Үүнээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 14 сургуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлээд байна. Сургуулиудын хувьд  өөрийн гэсэн сургалтын байргүй нийтлэг зөрчил, дутагдал үйл ажиллагааг нь зогсоосон бүх сургуулиуд дээр гарсан. Яамнаас тавьж байгаа бодлогын чанартай нэг шаардлага бол  өөрийн гэсэн сургалтын байртай  байж, сургалт явуулах. Мөн үндсэн багш 70 хувиас дээш байх гэсэн баримтлалыг журамдаа тусгасан байгаа. Үүнээс гадна  стандартын шаардлага хангасан номын сан, сургалтын хөтөлбөрийг мөрддөг байх зэрэг шаардлагууд тавьж байгаа юм. Эдгээрийг хангаагүй сургуулиудын үйл ажиллагааг бүрэн зогсоохоор боллоо. Өнгөрсөн оны намрын атестатчиллын үр дүнгээр дөрвөн сургуулийн сургалтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Үүнд “Хантайшир”, “Старс”, “Монгол фермер”, “Гүүр” гэсэн дээд сургуулиуд багтаж байна. Мөн “Олимп”, “Эко Ази” сургууль атестатчилалд тэнцээгүй учир  дээрх хоёр сургуулийн зарим мэргэжлийн ангийн үйл ажиллагааг энэ оноос зогсоож байгаа.

-Атестатчилал энэ онд  үргэлжлэх үү. Үлдсэн сургуулиудыг хэзээ хамруулах вэ? 

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 95 их, дээд сургууль атестатчиллын  шийдвэр гарсны дараагаар албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Атестатчилал 2012 онд ч үргэлжлэн явагдана. Нэгдүгээр сараас олгож эхлэх оюутны үндэсний тэтгэлэг буюу сар бүр 70 мянган төгрөгийг магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагчдад олгоно гэж хуульд заасан байгаа. Тэгэхээр энэ онд төрийн болон хувийн бүх их, дээд сургуулийг атестатчилалд хамруулна гэж ойлгож болно. Одоогоор 55 их, дээд сургуулийг хамруулсан гэхээр 40 сургууль үлдсэн гэсэн үг.

-Үйл ажиллагааг нь хаасан сургуулийн оюутнуудыг ямар журмаар шилжүүлэн сургах вэ?

-Яамны зүгээс атестатчиллын шийдвэрийн талаар албан ёсны мэдэгдлийг тухайн сургуульд хүргүүлнэ. Суралцагчдыг ямар сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг  тухайн сургуулийн үүсгэн байгуулагчтай  хамтран шийдвэрлэх юм.  Оюутны эрх ашгийг аль болох хохироохгүй байх үүднээс ижил мэргэжлийн сургуульд сонгосон мэргэжлээр нь суралцуулах боломжоор хангахыг сургуулийн захирлуудад үүрэг өгнө. Шийдвэр ийм үед гарч байгаа нь учиртай. Эхний улирлын хичээл ерөнхийдөө дуусч байгаа. Хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 23-наас эхэлнэ. Тэгэхээр нэгдүгээр сарын 20-ны дотор оюутныг үргэлжлүүлэн суралцах боломжоор хангахыг чиглэл болгосон. Өнгөрсөн хавар үйл ажиллагаа нь зогссон сургуулиудын хувьд ижил мэргэжлийн бусад сургуульд оюутнаа шилжүүлээд байгаа.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж