Багш нарын ширээний ном

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Багш нарын ширээний ном

“БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ АСУУДАЛД”

МУИС-ийн багш М.Дэлгэржавын “Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудалд”, “Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал” гэсэн хоёр шинэ ном хэвлэгджээ. 

“Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудалд” номонд Багшийн мэргэжил дээшлүүлэх ажил Монголд хэрхэн хөгжиж ирсэн асуудлыг уг номонд авч үзсэн бөгөөд нөгөө талаас одоогийн сургалтын бүх шатны байгууллагын багш нар өөрийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд хэрэглэж болох эрх зүйн акт, мэдээлэл зэрэг багтжээ.

Нэмж засварласан хоёр дахь хэвлэлийн нэгдүгээр бүлэгт багш, түүний үйл ажиллагаа, сурган хүмүүжүүлэх эв дүй, ур чадвар, хоёрдугаар бүлэгт багшийн эрх үүрэг, багшийн үйл ажиллагааны талаар төрөөс авсан зарим арга хэмжээ, баримт бичиг, багшийн ажлын байр, норм, орон тоо, цалин хөлсний талаар, гуравдугаар бүлэгт багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны талаар эрх зүйн баримтыг тус тус оруулсан байна.

Түүнчлэн багшийн мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, түүнийг үнэлж дүгнэх, монголд багш бэлтгэж эхэлсэн болон мэргэжил дээшлүүлэх ажиллагааны талаарх судлаачдын зарим санаа оноог мөн энэхүү товхимлоос олж үзэж болно. Бүлэг тус бүрт холбогдох хууль тогтоол, тушаал, зааврыг баримтат эх сурвалжаас оруулахыг хичээж, нэр томъёо, үг хэллэгийг тухайн сурвалжид тэмдэглэснээр авсан бөгөөд тус бүрийн төгсгөлд эх сурвалжийг бичиж тэмдэглэсэн нь судлаачдыг цаашид дэлгэрүүлэн уншиж судлахад дөхөмтэй болжээ. 

Дэлгэржав М. Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудалд. Нэмж засварласан хоёр дах хэвлэл. Редактор Ш.Шагдар /Доктор (Sc.D), профессор/, УБ.; МУИС-ийн Хэвлэх үйлдвэр, 2012, 302х.

“СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ СЭТГЭЛ СУДЛАЛ”

Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын үүсэл, хөгжил, орчин үеийн хөгжлийн чиг хандлага, боловсрол сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ерөнхий объект, боловсролын үйл явцын үндсэн субъектууд, суралцах үйл ажиллагааны сэтгэл зүй, боловсролын тогтолцоон дахь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, боловсролын үйл явц дахь сургалт-хүмүүжлийн хамтын ажиллагаа ба харилцаа хэмээх сэдвүүдийг багтаасан. Энэхүү сурах бичиг нь сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, боловсрол судлалын салбарт судалгаа шинжилгээ хийж буй их, дээд сургуулийн оюутан, магистрант, докторант, судлаач, бүх шатны багш нарт зориулсан болно.

Дэлгэржав М. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал, УБ.; Соёмбо принтинг, 2011, 224х.

Номтой холбоотой санал хүсэлтээ delgerjav@yahoo.com хаягаар болон 99108458 утсаар ирүүлнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж