Х.Тэмүүжин: Илүү ур чадвартай цагдаа хүсч байна

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин: Илүү ур чадвартай цагдаа хүсч байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүнийг өмнө нь хэлэлцэж байсан боловч 2008 оны долдугаар сарын 1-нд хүний амь хохироож, хүний эрх зөрчсөн үйлдлийн төлөө Монгол Улсын төр уучлалт гуйх гэдэг дээр гишүүдийн санал зөрөлдөн унагаж байсан юм. Харин Монгол Улсын Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн тунхагласны 100 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард иргэдээсээ уучлалт гуйснаар тогтоолтой тогтоолгүй энэ асуудал цэгцэрчээ.

Энэ удаа уучлалт гуйх гэдгээс бусад асуудлаар тогтоолын төслийг дахин хэлэлцлээ. Гишүүн Х.Тэмүүжин “Хууль, цагдаагийн байгууллагын ажил, үүргийн хуваарь, зааг ялгааг харгалздаггүйгээс долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаа нэртэй болгоныг гудамжинд хамгаалалтад гаргасан. Тиймээс үймээний үеэр “чулуу шид” гээд явж байсан хүн дараа нь баривчлагдсан хүмүүсийг байцаагаад сууж байсан тохиолдол гарсан гэж байлаа. Тэр бүү хэл эрүүгийн хэрэг мөрддөг хүнийг Засаг дарга дуудаж үүрэг өгдөг, Цагдаагийнханд авлига өгдөг байснаа тагнуулд өгөөд эхэлсэн. Хэв журам сахиулахынханд хандив өгч камержуулах гэх мэтээр тусалж болно. Харин хэрэг мөрдөхийнхөнд хандив өгч болохгүй. Хэрэг мөрдөгч нь мөрдөн байцаагчдаа бэлэг өгдөг болсон. Шинэ жилээр бэлэг урсч байна шүү дээ. Энэ бүхний цаана хүний эрх зөрчигдөх асуудал гардаг. Долдугаар сарын 1-нээс тодорхой дүгнэлт гаргах ёстой” гэж байлаа.

Тогтоолын төсөл хамт өргөн барьсан гишүүн Ж.Энхбаяр ч цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хяналт шаардлагад нийцэхгүй байгаа нь үнэн гэдгийг хэлж баривчлагдсан хүний эрх зөрчигддөг гэж байв. Гишүүн Ж.Энхбаяр “Хууль шүүхийн байгууллагыг цэгцэлж бүтэц, зохион байгуулалтыг янзалъя. Хоосон маскийг хуулбал цаанаас нь шаардлага хангахгүй зүйл гарч ирдэг. Хүнд хэрэг тулгадаггүй, зодож байцаадаггүй байх ёстой. УИХ-ын бүрэн эрхийн үлдэж буй зургаан сард үүнийг гүйцээж янзлах ёстой” гэсэн юм. Харин гишүүн Х.Жекей тогтоолын төсөл өмнө нь буцсаныг хэлж буцсан төслийг дахин хэлэлцдэг жишиг байх ёстой гээд “Хуучин болж байсан зүйлийг хэт үгүйсгэж таарахгүй. Болж байснаа хадгалаад явах ёстой. Цагдаатай холбоотой тогтоолын таван заалт Цагдаагийн тухай хуулиа өөрчил гэснээс ялгаагүй байна. Ардчилсан нийгмийн гол зарчим нь хуулийн заалтыг ширхэгчлэн биелүүлэх асуудал юм. Хууль, хүчний байгууллагын зарим үйл ажиллагааг хэт үгүйсгэж хатуу хандах гэж байгаа нь буруу” хэмээн Х.Тэмүүжин гишүүнд анхааруулав.

Х.Тэмүүжин гишүүн “Энэ тогтоолын төслийг Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр бид хамтарч санаачилсан. Хууль, цагдаагийн байгууллагын зохион байгуулалт, хууль эрх зүйн орчин бүрхэг, дотоод хяналт буруу байна. Түүнийг яаж сайжруулах вэ гэдгийг төсөлд тусгасан. Засгийн газарт ажиллах боломжийг нь тогтоолын төслөөр гаргаж өгч байгаа юм. Зөвлөмж болгож байгаа болохоос яг үүнийг ингэж хий гэсэн хатуу зүйл байхгүй. Илүү ур чадвартай цагдааг бид хүсч байна.

УИХ хүний эрхийн асуудалд анхааръя. Зөрчил байвал арилгая. Зөвхөн долдугаар сарын 1 гэлтгүй, 2009, 2010 оны Монгол Улсын Хүний эрхийн илтгэлд хүний эрхийн зөрчил байна гэдэг зүйл орж ирсэн. УИХ хүний эрхийг хангах хүсэл эрмэлзэлтэй гэдгээ харуулах ёстой” гэсэн юм. Гишүүн Ж.Сүхбаатар ч ажил УИХ дээр гацаад байгааг хэлэв. Гишүүн Х.Тэмүүжин “Яах гэж Засгийн газар, ХЗДХЯ байдаг юм. Жил бүр төсөв батлуулдаг. УИХ-ын гишүүн ганц туслахтайгаа хэр их ажил хийж чадах юм. Ерөнхийлөгчид ч тийм хэмжээний аппарат байхгүй. Засгийн газрыг хариуцлагажуулах ёстой. Ажил хийхгүй бол Монгол Улсад Засгийн газар, ХЗДХЯ гэж байгаад яах юм. Энэ талаар Засгийн газарт хэлэх ёстой. Одоо ганцхан чуулган үлдлэ. Дараагийн Засгийн газрууд хүний эрхийн чиглэлээр ажиллах ёстой” гэсэн бол гишүүн Р.Гончигдорж “Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хувьд хуулийн төслөө сайн боловсруулж байх ёстой. Хэрэгжүүлэгч нь Засгийн газар тул хуулийн төслийг аль болох тэндээс голлож оруулж ирэх ёстой. УИХ улс төрийн шийдэлтэй холбогдолтой асуудалд л оролцох ёстой” гэж байлаа.

Ардчиллын салхи ороогүй газар бол шүүх засаглал. Гурав дахь засаглалдаа салхи оруулъя гэдэг дээр гишүүд санал нэгтэй байлаа. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Үүний дараа Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуульд “хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой хэрэг” гэсэн ганц өгүүлбэр нэмэхээр болсон юм. Ингээд гэнэт баяжиж хууль ёсны хөрөнгөөс их хэмжээгээр давсан хөрөнгөтэй болсон хүн хөрөнгөжсөн шалтгаанаа тайлбарлаж чадахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн утгатай заалтыг хуульд тусгахыг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсноор байнгын хорооны хуралдаан өндөрлөв.           

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж