ЭБЭХЯ, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон mining.mn портал хамтран “Coal Mongolia-2012” олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. “Coal Mongolia” нь Монголын нүүрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн болон техникийн хөрөнгө оруулалтыг татах зорилготой. Чуулга уулзалтаар нүүрс олборлох болон боловсруулах үйлдвэрүүдэд байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг явуулж, Монгол улсын өрсөлдөх чадварыг бүс нутагт нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцэх юм байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Coal Mongolia-2012” чуулга уулзалт хоёрдугаар сарын 9, 10-нд болох бөгөөд нүүрс олборлогч уул уурхайн компанийн төлөөлөгч, хөрөнгө оруулагч, банк, санхүүгийн мэргэжилтнүүд, уул уурхайн инженерийн болон зөвлөх компанийн төлөөлөгч, ханган нийлүүлэгч байгууллагын төлөөлөгчид оролцох гэнэ. Чуулга уулзалтын үеэр салбарын мэргэжилтнүүдийн семинар зөвлөлгөөн, компаниудын төслийн тайлан үзүүлбэр болохоос гадна нүүрсний салбарын оны шилдгүүдийг тодруулж шагнал гардуулах ёслол болох гэнэ.
Н.Энх