Уурхайн ажилчид захирлаа барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Уурхайн ажилчид захирлаа барьцаалжээ

Канадын хөрөнгө оруулалттай “Өмнийн говь” /South Gobi Sands/ компаниас халагдсан ажилчид тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Курт Черчийг машинтай нь барьцаалаад байна. “Моннис” цамхгийн үүдэнд барьцаалагдаад байгаа 9250 УНР улсын дугаартай “Инфинити” маркийн цагаан өнгийн автомашинд “Өмнийн говь” компанийн захирлаас гадна түүний орчуулагч, жолооч нарын дөрвөн хүн байгаа аж. Тус газарт ажиллаж буй манай сурвалжлагчийн мэдээлснээр хэдэн хормын өмнө  “Өмнийн говь” компанийн хүний нөөцийн менежер гэх эрэгтэй гарч ирээд “Энэ талаар албан ёсны мэдэгдэл”  хийнэ хэмээжээ. Гэхдээ хэзээ, хаана мэдэгдэл хийх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.

Үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хэмээн үзэж буй 20 гаруй ажилтан захирлынхаа автомашиныг хүрээлэн зогсч, явуулахгүй байсаар нэг цаг гаруй хугацаа өнгөрчээ.

Сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд тус компанийн ажилтнууд “Канад, Австрали, Индионез, Монголын гэхчлэн нийт 700 гаруй ажилтантай геологи, уул уурхайн “South Gobi Sands” ХХК хууль зөрчиж байна” гэх мэдэгдэл хийсэн юм.  Тэдний хэлснээр “South Gobi Sands” компанийн удирдлага арванхоёрдугаар сарын 20-ны өдөр компанийн 49 ажилтанд мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тухайн өдрөөр тэдний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тус компанийн удирдлагын тушаал гарсан байна. Мөн тэдгээр мэдэгдлийг ажилтан өөрийн зүгээс хүлээн авсан хүсэлтийг компанийн хүний нөөцөөс үйлдсэн тухай ажилтнууд ярьж байв.

Тус компанийн 140 гаруй ажилчдын дэмжлэгээр нийгмийн халамжийг дэмжих, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, зохих ёсны хангамж эдлэхийг дэмжих Үйлдвэрчний эвлэл байгуулахаар хүсэлт гаргаад байсан аж. Тиймээс “South Gobi Sands” компанийн ажилчид 49 хүнийг нэгэн зэрэг ажлаас халсан энэ үйлдлийг буруутгаж байгаа бөгөөд тэдний дунд банкнаас олон жилийн хугацаатай зээл авч, ажил амьдралаа зохицуулж явсан ажилтнууд цөөнгүй байсан нь бэрхшээл учруулж  байгаа аж.

Захирлынхаа машиныг барьцаалаад буй ажилчдын тухайд чухам ямар үндэслэлээр орон тооны цомхотголд багтаж, ажлаасаа халагдах болсон тухай албан ёсны тайлбар авахыг хүсч буй гэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж