Шинэ жилийн халтуурын үнэ ханш орос маягаар

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн халтуурын үнэ ханш орос маягаар

Оросын яруу алдарт поп ноёд хадагтай нар шинэ жилийн халтуураар хэдийг олсон тухай оросын хэвлэлүүд ээлжит шуугианаа эхэллээ. Албан ёсны концертуудаас гадна “корпоратив” буюу манайхаар байгууллагын шинэ жилээр хэсүүчилж олсон халтуурын орлогоороо оросын одууд бүтэн жил хангалуун амьдардаг уламжлал тогтоод удаж байна.

Зөвхөн дотоодын попчид төдийгүй тухай тухайн эх орондоо аль эрт гологдсон эрт балрын одод хойд хөршийн ностальгийжсан зон олны хайр халамжаар түрийвчээ зузаалж, оросын үндэсний поп үйлдвэрлэлд том шавар хаах нь элбэг болжээ.

Ингээд, шинэ жилийн “орос маягийн” халтуурын ханшийг сонирхоцгооё. Энэ нь “корпоратив” үдэшлэг дээр 30-40 минут авьяасаа үзүүлсний санхүүгийн төлбөр юм шүү гэдгийг анхаарна уу.

Барууны хувьсгалт поп тэмцлийн ахмад зүтгэлтнүүдээс немец хадагтай Си Си Кетч бүр 12 сарын эхнээс Москвад ажиллаж, амьдарч амташжээ. Нэг гараандаа 20 мянган евро туудаг энэ поп эмээ оны өмнө 600-800 мянгыг (үүнээс цааш дан еврогоор илэрхийлэв – ред.) өлхөн туужээ. Нутаг нэгт экс модерн Томас Андерсийн түрийвч тэгвэл нэг үдэшлэгийн үр дүнд 50 мянгаар зузаарч байхад Улсын Төв банкны цэнгүүнд морилсон Хосе Карерасын ханш улсын нууцын зэрэглэлд багтаж таг далдлагдав. Гэхдээ шинжээчид 6 оронтой тоогоор багцаалж байгаа нь ортой бололтой. Нэгэн үед Эминем 2 сая, Рики Мартин 3 саяаар шинэ оросуудын өмнө таанцалж байсан түүх саяхных. Хугас орой шүү.

Орос таваарын хувьд Елена Ваенга, Стас Михаилов, Григорий Лепс нартай өрсөлдөх брэнд гарсангүй. Тэдний ханш 50-100 мянгад хэлбэлзэж, Стас заримдаа 150-д биеэ үнэлж байжээ. Тэргүүн поп хатан хаан Аллагийн хувьд ханш 100 мянгаас эхлэхдээ зарим тохиолдолд ааш авирын байдлаасаа болж  180 мянгаар дуулахаас татгалзсан тохиолдол гарч байжээ!!!… Залуу нөхрөө тэжээх өөр мөнгө бишгүй байгаа бололтой…

Цаашлаад “сайн” таньдгаас Земфира 80 000, Гарик Скачёв 60 000, Жанна Агузарова 40 000, Юрий Антонов 50 000 гээд хөвөрч гарна. Дебет кредитний энэ бүст София Ротару, Николай Басков, Филипп Киркоров, Валерий Леонтьев нарын хамууд багтаж байгаа юм.

Ханшийн дараагийн зэрэглэл буюу 10-25 мянгад Кристина Орбакайте, Валерия, Дискотека Авария зэрэг гүйлгээтэй гэр ахуйн бараа багтана. Энэ ангилалд өмнө нь 25-30-ыг цөм хийж байсан Жанна Фриске муужран орсон нь гайхалтай. Энэ хэдэн борыг олох гэж Жанна Улаан Кремль тойрсон их бөглөрлөөс зугатан метро хөлөглөн амьсгаадаж байсан дүр зураг нулимсанд дургүй москвачуудын сэтгэлд хоногшжээ.

Харин бидний байтугай, оросуудын ч мэддэггүй байх гэмээр одонцорын тоосонцорууд 10 мянга хүртэлх ханшийн бүст багтаж байна.

Төрсөн биеэндээ таарсан хөөрхөн мөнгө хийсэн монголын үндэсний олон нийтийн мега-одууд дээрх ханшийг сонсоод бага зэрэг хөмсөг атируулж байгаа бол… Орос ах нар чинь ядаад АМЬДААР дуулдаг юм гэдгийг сануулая. “Корпоратив” дээр ч тэр… Эс тэгвээс өөрсдөө мөнгө өгсөн ч сонсох хүн олдохгүй. Бас ч гэж соёлтой улс аа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж