Цөөхөн мандат олон нэр дэвшигчийг түгшээв

Хуучирсан мэдээ: 2012.01.03-нд нийтлэгдсэн

Цөөхөн мандат олон нэр дэвшигчийг түгшээв

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар энэ жилийн сонгуулийг 48:28 гэсэн холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Тиймээс мандатын тоо 76 байснаа буурч 48 болов. Үүний дараа тойргуудын хуваарилалт өөрчлөгдлөө. Энэ хэрээр сонгууль өрсөлдөөнтэй болох дүр зураг ажиглагдаж эхэлсэн. Сонгуулийн тухай хуулиар бол УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй төрийн албан хаагч сонгууль эхлэхээс зургаан сарын өмнө албаа хүлээлгэж өгөх ёстой. Нэг ёсондоо өөрийн албан тушаалаар дэнчин тавьж, эрсдэлд орж байгаа гэсэн үг. Гэсэн ч хүний хүсэлд хязгаар гэж байдаггүй юм хойно УИХ-ын гишүүн болох хүсэлтэй эрхмүүд эхнээсээ төрийн албыг хүлээлгэн өгч эхэлсэн. Уг үйл явдлын салхийг хагалж оны өмнөхөн Мэдээлэл, шуудан, харилцаа хол­боо, технологийн газрын дэд дарга А.Мөнхбат ажлаа хүлээлгэж өгсөн билээ. Түүний араас шил даран Авто тээврийн газрын дарга Б.Цэнгэл, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөн­хий газрын дарга Л.Мөнхбаатар, Гаа­лийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат нар өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн гэж байгаа. Тойргийнх нь мандат багассанаас болоод журмын нөхөд хөнжил дотроо хөлөө жийлцэж байгаа энэ үед ажил албаа эрсдэлд оруулан дэнчин тавин байж УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зориглосон тэдэнд нэг ч гэсэн сонгогчийн санал үнэтэй л байж таарна. Гэтэл намуудын дунд УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн төлөөх дажин эрчимжиж байгаа нь ирэх жилийн сонгуульд ялалт байгуулах нь бүү хэл нэр дэвшихийн тулд ямар их хөдөлмөрлөх ёстойг сануулж буй дохио болж байх шиг. Төрийн албаа өгсөн дээрх эрхмүүдээс Д.Батхуяг, Л.Мөнхбаатар нар Хөвсгөл аймгийн уугуул. Хөвсгөл аймагт ч нэр дэвших сураг дуулдсан. Гэтэл Хөвсгөл айм­гийнхан энэ жил хоёрхон мандатын эрхтэйгээр сонгуульд оролцоно. Тэд­ний цаана Хөвсгөл аймгаас сон­гогдсон УИХ-ын  гишүүдээс гадна Ардын намын  Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүн, Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон Ардчилсан эмэгтэйчүүдийн хол­бооны тэргүүн Ц.Оюунгэрэл нар ч тус аймагт нэр дэвших нь тодорхой болсон. Тэднээс гадна Хөвсгөлд нэр дэвшхээр зэхэж буй олон хүн бий. Тэгэхээр тэд хоёрхон мандат дээр үзэж тарах нь дээ. Гэхдээ ганцхан Хөвсгөлд ч биш сонгуулийн бүх л тойрог дээр ийм асуудал үүсэж байгаа юм. Тэр бүхнийг дараах хүснэгтээс бэлхнээ харж болно. Гэхдээ энэ нь эрх баригч намуудаас нэр дэвших нь мэдэгдээд байгаа хүмүүс байгаа бөгөөд жижиг нам, бие даагчид одоогоор тодорхойгүй байгаа юм. Мөн нийслэлд 14 мандат хуваарилсан учир нийслэлийн нэр дэвшигчид ч нэлээд маргаантай байгаа учир оруулаагүй болно.



Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж